Mining Week: Орон нутгийн хамтын ажиллагааны туршлагыг хэлэлцэв
Уул уурхайн салбар дахь орон нутгийн харилцааг бэхжүүлэх, туршлага хуваалцах зорилго бүхий “Уул уурхай ба орон нутгийн хөгжил” сэдэвт хурал 2025 оны есдүгээр сарын 11-ний өдөр “Mining Week & MinePro 2025”-ын хүрээнд зохион байгуулагдлаа. Хурлыг Монголын тогтвортой хөгжил, нийгмийн хариуцлагын зөвлөл (ТНЗ)-өөс зохион байгуулсан юм. Тус зөвлөл нь 2025 оноос Монголын Уул уурхайн үндэсний ассоциацитай хамтран уул уурхай ба орон нутгийн харилцааны асуудлаар “Тогтвортой хөгжил” дугуй ширээний уулзалт зохион байгуулж эхэлсэн бөгөөд энэхүү хурлыг тус дугуй ширээний уулзалтын хүрээнд өргөтгөсөн хэлбэрээр хийснээрээ онцлог байлаа.

Илтгэлийн дараа сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлсэн бөгөөд салбарын тэргүүлэх мэргэжилтнүүд уул уурхай ба орон нутгийн хамтын ажиллагааны сайн туршлага, тулгамдсан асуудал, хөгжлийн боломжуудыг хэлэлцсэн юм. Хэлэлцүүлгийг ТНЗ-ийн Удирдах зөвлөлийн гишүүн Ж.Сүнжидмаа чиглүүлэн явуулсан. Хэлэлцүүлэгт оролцогчид дараах үнэ цэнтэй байр суурийг илэрхийлсэн юм.
Уул уурхайн нөлөөллийн бүсийн тухай ойлголтыг тодорхой болгох хэрэгтэй байна
УИХ-ын гишүүн Б.Уянга:
Үндсэн хуульд газрын хэвлийн баялгийг ард нийтийн өмч юм, үр өгөөжийн дийлэнхийг ард түмэн хүртэж байх ёстой гэсэн агуулга бий. Үүн дээр үр өгөөж гэдгийг маш сайн ойлгох ёстойг сүүлийн үед ихээхэн ярьдаг боллоо. Яагаад гэхээр, уул уурхайн салбарын үр өгөөжийг эдийн засгийн үр өгөөж талаас нь дандаа мөнгө, төсөвтэй холбож ярьж байна. Борлуулалтын орлогын хэдэн хувийг төсөвт авах, хэдэн хувь нь орон нутагт үлдэх гэх мэтээр дандаа тоон утгаар яригддаг. Гэхдээ тухайн төслийн үр өгөөжийг нийгэмд үзүүлж байгаа байдлаар нь тооцдог болох нь зүйтэй юм. Үр өгөөжийг хууль эрх зүйн орчинд бүрэн тодорхойлж тусгаагүй байна. Тиймээс энэ асуудлыг Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт байдлаар оруулж ирнэ. Тухайн орон нутгаас ажилчдаа авах, дэд бүтэц, авто зам, цахилгаан станц, сургууль цэцэрлэг барьж байгаа бол энэ нь нийгмийн үр өгөөж байх болно. Мэдээж баялгийн өөрийнх нь үр өгөөж тухайн компани болон ажилчдад үр өгөөж нь хариуцлагатай байдлаар хүртэгдэх ёстой.
Хууль эрх зүйн орчинд дутагдаж байгаа хоёрдугаар агуулга нь, нөлөөллийн бүс гэсэн ойлголт. Энэ талаарх тодорхойлолт манай ямар ч хуульд байдаггүй. Уул уурхайн төсөл хэрэгжиж байгаа сум, нутаг гэж ярьдаг. Яг нөлөөллийн бүс гэж тухайн төсөл хэрэгжиж байгаа газраас хэдэн км-ийн радиус дахь нутаг дэвсгэрийг хэлэх үү, олборлож буй түүхий эд, технологиос хамаараад өөр өөр байх уу гэдэг нь хууль эрх зүйн орчинд тодорхой суугаагүй. Тиймээс нөхөн олговор олгох асуудал, үр өгөөжөө хэнд хаана хүргэх вэ гэдэг асуудал тодорхойгүй байна. Хууль эрх зүйн орчин ухаалаг, ойлгомжтой, тодорхой байх ёстой гэвэл энэ хоёр асуудлыг эхлээд тодорхой болгох ёстой.
Компаниудын 80 орчим хувь нь орон нутагтай хамтран ажиллах гэрээ байгуулж байна
АМГТГ-ын Хайгуул, ашиглалтын газрын дарга С.Ган-Очир:
Өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулийн зохицуулалтаар ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тухайн орон нутагтайгаа хамтын ажиллагааны гэрээ байгуулж ажиллан, түүнийгээ орон нутагтайгаа хамтран жил бүр дүгнээд, тайлан ирүүлж байгаа. Энэ хүрээнд манай байгууллага хуулийн хэрэгжилтийг хангуулах судалгаа авдаг. Энэхүү судалгаагаар тоймлоод хэлбэл, нийт үйл ажиллагаа явуулж буй компаниудын 80 орчим хувь нь энэ гэрээг хуулийн хүрээнд ямар нэгэн байдлаар байгуулж байна. Тэдгээрийн мөн 80 орчим хувь нь тухайн орон нутагтайгаа хэл амаа ололцоод дүгнэчихэж байна. Үлдсэн 20 гаруй хувь дээр л асуудал байна. Тиймээс энэ дээр хүндрэл яригдана. Хүндрэл нь хандив тусламжийн хэмжээ, нөлөөллийн бүсийн хил хязгаар дээр тохирохгүй байх, орон нутгийн удирдлагын хувийн байр сууриас шалтгаалах зэрэг асуудлууд байна.
Гэхдээ энэ хуулийн заалтыг маш сайн хэрэгжүүлж байгаа жишээнүүд бий. Ер нь манай улсын хөгжсөн сум, суурингууд гол төлөв уул уурхайд түшиглэж хөгжсөн байдаг. Томоос нь, эртнийхээс нь дурдвал Эрдэнэт хот, цаашлаад Хэнтий аймгийн Бор-Өндөр сум, Бэрх тосгон, Дархан-Уул аймгийн Шарын гол, түүнээс наашлаад “Бороо Гоулд”-ыг түшиглэсэн Сэлэнгэ аймгийн Баянгол сум байна. Мөн “Энержи ресурс”, “Эрдэнэс Тавантолгой” компани үйл ажиллагаа явуулж байгаа Цогтцэций сум, Оюутолгой уурхайтай Ханбогд ямар байна. Ингээд харахаар орон нутгийн хөгжил шуудхан хэлэхэд уул уурхайтай холбоотой байна.
Орон нутагтайгаа маш оновчтой гэрээ байгуулаад, зохицоод ажиллаж байгаа төслүүд олон бий. Сүхбаатар аймаг дахь “Цайрт Минерал” компанийн уурхай өнөөдөр 20 жилийн ойгоо тэмдэглэж байна. Сүхбаатар аймгийг ямар болгосныг хүн болгон харж байгаа. Хамтын ажиллагааны маш аятайхан шийдлүүд гаргасан байдаг. Жил болгон орон нутгийн хөгжлийн санд өгдөг хөрөнгө оруулалтын дүнгээ тогтчихсон. Гэхдээ зүгээр мөнгө өгөөд орхичихдоггүй. Хамтраад саналаа солилцдог. Орон нутаг нь ч зарцуулалтаа тайлагнадаг.
“Цайрт Минерал” компани дээр “Нэг айл, нэг оюутан” гэдэг оюутны тэтгэлгийн хөтөлбөр байна. Мөн Ховд аймагт хэрэгжиж байгаа Хөшөөтийн уурхайн хувьд нэгж бүтээгдэхүүнийхээ гаралт бүртэй харьцуулсан дүнгээр орон нутагт хөрөнгө оруулалт хийдэг гэрээтэй. Нэг тонн нүүрснээс 1 доллар ч гэдэг юм уу. Ингэснээр уурхайн ажил амжилттай байвал орон нутагт хөрөнгө оруулалт орж байдаг. Энэ хөрөнгө оруулалтаа хамтраад зарцуулдаг. Түүнийгээ тайлагнадаг сайн жишээ байна.
Засгийн газар иргэд, хөрөнгө оруулагч хоёрыг тэмцэлдүүлэх биш ойлголцуулмаар байна
Өмнөговь аймгийн Засаг даргын орлогч Ж.Занабазар:
Өмнөговь аймагт одоогийн байдлаар 18 уул уурхай үйл ажиллагаа явуулж байна. Мөн хоёр боомтоор бүтээгдэхүүн экспортолж байна. Сайн талууд бий. Ихэнх нь орон нутагтай гэрээ байгуулаад ажилладаг хариуцлагатай уул уурхай. Жил ирэх тусам орон нутагтайгаа үр дүнтэй хамтран ажиллаж, талуудыг өргөнөөр оролцуулдаг болж байна. Хамгийн сүүлд гэхэд гурван талт гэрээ хэлэлцээр хийх шийдлийн дагуу иргэдийг оролцуулаад, сумын засаг захиргаа, компани хоёр гэрээ хийгээд аймгийн Засаг дарга баталдаг жишиг тогтоон ажиллаж байна.
Дутагдалтай зүйл гэвэл, УИХ, Засгийн газрын түвшинд бодлого учир дутагдалтай байна. Ашигт малтмалын тухай хуулийн 42.1 дүгээр заалтыг бариад гэрээ хийдэг. Гэрээ нь ихэнхдээ тухайн сумын Засаг даргын санал болгосны дагуу өвс тэжээл, наадмын хандив гэх мэт материаллаг зүйлс рүү түлхүү явчихдаг. Үүний нөгөө талд нь ажлын байр, байгаль орчинтой холбоотой асуудлууд орхигдоод байна. Засгийн газар лиценз гээд цаас хэвлэж өгөөд, эргээд төлбөр авч байгаа бол иргэд, хөрөнгө оруулагч хоёрыг тэмцэлдүүлээд байх биш харин ойлголцуулах ёстой. Энэ харилцаа дутагдаад ирэхээр ихэнх төслүүдийг гацаадаг үзэгдэл байна.
Ганцхан Өмнөговь аймаг байгалийн баялагтай юм шиг байгаа нь өрөөсгөл ойлголт. Монгол Улсын бүх аймаг сум ашигт малтмалын нөөцтэй. Харин Өмнөговь аймгийн хувьд эдийн засгийн ач холбогдлоо ойлгосны үндсэн дээр уул уурхай эсэргүүцэж байгаа аймгуудын “ачааг үүрээд” явж байна. Гэтэл Засгийн газар, улс төрийн өнцгөөр уул уурхайгаас олж байгаа орлогын хуваарилалтыг тойрог руугаа чиглүүлснээр уул уурхай эсэргүүцдэг аймаг, сумдыг уул уурхайгаас олсон мөнгөөр авто замаар холбочихсон, нийгмийн асуудлаа шийдчихсэн байна. Гэтэл уул уурхайтай аймаг нь өөрөө аялал жуулчлалынхаа салбараа хөгжүүлж, эдийн засгаа солонгоруулчих гээд зам тавих гэхээр орон нутгийнхаа төсвөөр жилд 10, 20 км-ээр л явуулдаг бай жишээтэй. Тиймээс Засгийн газрын түвшинд уул уурхайн бүс нутгийн орон нутгийн харилцааг илүү дэлгэрэнгүй зохицуулах эрх зүйн орчин хэрэгтэй байна.
Багтай гэрээ хийе гэхэд албан ёсны төрийн сан, албан ёсны данс байдаггүй
“Степ Голд” ХХК-ийн Байгаль орчны менежер Г.Мөнхжин:
Би 2007 оноос хойш “Бороо Гоулд” компанид ажиллаж байна. Манай компани 28 жил Сэлэнгэ аймгийн хоёр сум, Төв аймгийн нэг суманд үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр сумдад 2007-2018 хүртэл ажиллах хугацаанд нэг зүйлийг анзаарсан. Уул уурхайн олон жилийн түүхтэй болоод ирэхээрээ иргэд нь мэдлэг, мэдээлэл, туршлагатай болчихдог. Тиймээс Сэлэнгэ аймаг дахь үйл ажиллагаа явуулж байгаа орон нутагтаа компани болон иргэд хооронд ойлголтын зөрүү багатай байсан.
Гэтэл дараа нь 2017 оноос үйл ажиллагаа эхэлсэн “Степ Голд” компани Дорнод аймгийн Цагаан-Овоо суманд анхны уурхай нь болсон. Гэтэл уул уурхайн үйл ажиллагаа шинээр эхлэхээр мэдээлэл, мэдлэг, ойлголтын зөрүү маш их гарч байгааг өөрийн биеэр мэдэрсэн. Орон нутгийн харилцааг сайжруулахын тулд хамгийн эхэнд орон нутгийн иргэдийг системтэйгээр мэдлэгжүүлж, мэдээлэл түгээх шаардлагатай нь эндээс харагдаж байна.
Хоёрдугаарт, баялгийн хүртээмжийн асуудал. Мөн л хамгийн бага нэгжээс нь эхлээд ажиллах ёстой юм шиг. Миний өөрийн бодлоор Ашигт малтмалын тухай хуульд үйл ажиллагаа явуулж байгаа сум, баг руу нь уул уурхайн орлогоос татвар, хураамж хэлбэрээр ордог байдлаар зохицуулалт хийх хэрэгтэй байх. Тэгвэл багийн иргэд өөрсдөө “манайд хайгуулын талбай байна, танайх үүнийг илрүүлээд үйл ажиллагаа явуулаач” гээд өөрсдөө ханддаг тогтолцоо руу явна. Яг одоогийн нөхцөлд хамтран ажиллах гэрээ байгуулаад сум, аймаг руу тодорхой хэмжээний хөрөнгө оруулдаг тогтолцоо явж байна. Тэгвэл багтай тийм гэрээ хийе гэхэд албан ёсны төрийн сан, албан ёсны данс байдаггүй. Энэ бол хамгийн том асуудал.
Хамгийн түрүүнд хүнээ авч үзэх ёстой
“Цагаан-Овоо хөдөлгөөн” НҮТББ-ын тэргүүн У.Цэрэнхорол:
Ашигт малтмалыг ашиглах гэж байгаа компани хайгуулын өрмөө тавихаас эхлээд нутгийн иргэдийн эсэргүүцэлтэй тулдаг. Энэ бол манай Ашигт малтмалын тухай хууль уул уурхайг хөгжүүлэхэд хүч хүрэхгүй болсны шинж тэмдэг гэж үзэж байна.
Манайд байгаа хууль тогтоомжоор уул уурхайн үйл ажиллагаа байгаль орчин талаасаа тавигдах шаардлага нь боломжийн түвшинд хүрсэн гэж үздэг. Хамгийн түрүүнд хүнээ авч үзэх ёстой. Гэтэл уул уурхайн нөлөөллийн бүсэд байгаа хүний асуудлыг хэрхэх талаар огт хууль байхгүй. Тухайн уул уурхай, ашигт малтмалыг ашигласнаар иргэдийн уудаг ус, амьсгалах агаарт ямар сөрөн нөлөө үүсэх, амьдралд нь ямар нөлөө үзүүлэх, эрүүл мэндийг нь хэрхэн хамгаалах гэдэг хуулийн зохицуулалт өнөөдөр Монгол Улсад байхгүй. Үүнээс болоод уул уурхай урагшлахгүй байна. Тиймээс иргэд бухимдалтай байгаад, төрийн бус байгууллагууд жагсаад байгаа юм. Хэрэв энэ хуулийн зохицуулалт зөв байвал төрийн бус байгууллага байх ч шаардлагагүй болно.
Монгол Улс эрсдэлээ, тэр тусмаа хүний эрүүл мэндэд ямар эрсдэл үүсэхийг тооцдоггүй. Ан амьтнаа тооцдог, ургамал нөхөөд тарьчихдаг. Харин хүнийхээ эрсдэлийг огт тооцдоггүй. Тиймээс эрсдэлийн сантай болох ёстой. Цэвэр орлогын хувиар нь санд мөнгө төвлөрүүлээд, үүнийг нь дэмжээд АМНАТ-өөс чөлөөлөөд өгчих ёстой. Тэгвэл хүссэн ч, эс хүссэн ч хуулиа биелүүлнэ.
Багийн Засаг даргаар дамжуулаад багийн иргэдийн нийтийн хурал дээр зөв мэдээлэл өгснөөр бид иргэдтэйгээ нэг чигт харж чадна
“Алтгана Ресурсес” ХХК-ийн БООНЗ хариуцсан менежер Л.Тамираа:
Манай компанийн зүгээс орон нутгийн хөгжлийн хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлж байна. 5 дэд хөтөлбөр 14 зорилтын хүрээнд орон нутагтайгаа гэрээ байгуулаад ажиллаж байна. Орон нутагт хайгуулаас эхлээд ямар асуудал үүсдэг вэ гэхээр, замын маршрут, газрын маргаан үүсдэг. Эдгээр дээр орон нутагтайгаа ойлголцоход төрийн байгууллагаас багийн Засаг дарга чухал үүрэг оролцоотой байдаг. Багийн Засаг даргаар дамжуулаад багийн иргэдийн нийтийн хурал дээр зөв мэдээлэл өгснөөр бид иргэдтэйгээ нэг чигт харж чадна. Тэгэхгүйгээр, бид мянга гоё зүйл ярьсан ч иргэдтэйгээ ойлголцож чадахгүй бол хэчнээн сайхан төлөвлөгөө боловсруулаад ч хэрэгжихгүй гэсэн үг.
Дараагийн ээлжинд бид 5 хөтөлбөрийн хүрээнд суманд тулгамдаж буй асуудлуудад нийгэм, эдийн засгийн суурь судалгааг хийсэн. Тэгээд дэд хөтөлбөрийн хүрээнд хаана хүрэх зорилгоо тодорхойлно. Эрүүл мэнд, боловсрол, дэд бүтцийн одоогийн түвшнээс дараагийн ямар шатанд хүргэх үзүүлэлтүүдээ гаргаад сум, орон нутагтайгаа шат шатандаа жил болгон гэрээ байгуулаад, гүйцэтгэх ажлаа дүгнээд явъя гэдэг ойлголцолд хүрчихсэн байгаа. Гэрээ байгуулах нэг хэрэг, гэрээний үр дүн гэдэг түүнээс чухал асуудал. Зүгээр орон нутгийн хөгжлийн санд мөнгө өгөөд орхичихвол бидэнд амар л даа. Гэхдээ бид үүнд найдалгүйгээр өөрсдөө гэрээний үүргийн хэрэгжилтийг хангаад, үр дүнг орон нутагтаа үлдээхийг зорьж ажиллаж байгаа маань бидний хувьд нэг том үр дүн гэж харж байна.
Хэлэлцүүлэгт оролцогчдоос гаргасан уриалга
Энэ удаагийн хурал нь орон нутгийн харилцааг сайжруулах, тогтвортой хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чиглэсэн оролцогчдын уриалгаар өндөрлөсөн. Орон нутгийн хөгжилд уул уурхайн салбарын үзүүлэх эерэг нөлөө, хүлээх үүрэг хариуцлагыг тодотгож, бодлого боловсруулахад хэрэгтэй чухал санал, зөвлөмжүүд уриалгад багтсан юм. Тэдгээрээс гол санааг тоймлон хүргэе.
•Орон нутгийн иргэд, байгууллагатай ойлголцож, харилцан дэмжиж ажилласан төслүүд хамгийн амжилттай хэрэгждэг.
•Байгаль орчин, орон нутагтай зохицохгүй үйлдвэрлэл хаана ч амжилт олохгүй.
•Төсөл хэрэгжүүлэгч болон орон нутгийн хамтын ажиллагааны сайн жишээнүүд хангалттай их бий. Тиймээс бие биеэсээ суралцах нь чухал байна.
•Нөлөөллийн бүсийг шинжлэх ухааны үндэслэлтэй тодорхойлбол харилцаанд тулгардаг ойлгомжгүй олон асуудлыг цэгцэлж чадна.
•Салбарын хууль, дүрэм журам, хариуцлагатай уул уурхайн кодексийг хэрэгжүүлээд явахад орон нутагт тулгардаг олон асуудлаас зайлсхийж чадна.
•Хууль эрх зүйн орчныг өөрчлөхөд уул уурхайн нөлөөллийн бүсийн иргэдийн оролцоог хангах хэрэгтэй. Ямар асуудал тулгарч байгааг тэд л хамгийн сайн мэднэ.
•Газрын доройтолд бэлчээрийн даац хэтэрсэн асуудал ихээхэн нөлөөлж байна. Гэтэл газар, хөрсний асуудлыг уул уурхай руу чихдэг. Тиймээс уул уурхайн компаниуд сумдыг бэлчээрийн менежменттэй болгоход анхаарал хандуулах нь чухал.
•Хандивын асуудлаас татгалзаж, авсан өгсөн нь хариуцлагаа хүлээдэг, гэрээний хэрэгжилтийн үр дүнг тооцдог тогтолцоог дэмжих
зэргээр олон чухал санааг санал болгосон юм.