“Тогтвортой хөгжил” уулзалтаар Орон нутгийн гэрээний сорилтыг хэлэлцэв

Ээлжит уулзалтын зорилго нь Орон нутгийн хамтын ажиллагааны гэрээний хэрэгжилт, эрх зүйн орчинд тулгамдаж буй асуудлыг хэлэлцэх, компани, орон нутгийн талуудын чадавхыг нэмэгдүүлэх боломжит гарцыг эрэлхийлэх байв.
Дугуй ширээний уулзалтад уул уурхайн салбарын 20 орчим компанийн орон нутгийн харилцаа, хэвлэл мэдээлэл, байгаль орчин, БОНЗ-ын менежер, геологич зэрэг мэргэжилтнүүд оролцож, гэрээний хэрэгжилтийн сорилт, бодлого, практик туршлагаа хуваалцан хэлэлцэв.
Уулзалтаар:
Орон нутгийн хөгжлийн сангийн зарцуулалтын ил тод байдал
Гэрээний хэрэгжилтэд үүсдэг зөрчил маргааны шалтгаан
Төрийн үүрэг, хувийн хэвшлийн оролцооны ялгаа, хариуцлагын зохицуулалт
Хамтын ажиллагааны гэрээг үр нөлөөтэй хэрэгжүүлэх арга зам зэрэг асуудлуудыг хөндлөө.
Уулзалтыг ТНЗ-ийн Удирдах зөвлөлийн дарга, судлаач О.Батболд орон нутгийн гэрээний талаарх үндсэн илтгэлээр эхлүүлж, чиглүүлэгчээр УЗ-ийн гишүүн Ж.Сүнжидмаа ажиллалаа.
Энэхүү дугуй ширээний уулзалт нь улирал тутам, тодорхой сэдвийн хүрээнд зохион байгуулагдаж, арга туршлагаа солилцох, тогтвортой хамтын ажиллагааг дэмжих зорилготой юм.