Сэтгүүлчдийн мэдлэг, ур чадварыг гүнзгийрүүлсэн хөтөлбөр амжилттай өндөрлөлөө

2016 оноос эхэлсэн чадавхжуулах хөтөлбөрт хамрагдсан сэтгүүлчдээс 4 сэтгүүлч хөтөлбөрөө төлөөлөн, өөрсдийн бодит туршлага, сурч мэдсэн зүйлээ “Манай хөтөлбөр-Миний түүх” сэдвийн хүрээнд хуваалцсан нь уулзалтын онцлох хэсэг байв.
Сэтгүүлчид уул уурхай, эдийн засгийн мэдээллийг мэргэжлийн түвшинд бэлтгэх, бодлого боловсруулахад дуу хоолойгоо хүргэх чадамжаа хэрхэн нэмэгдүүлснээ онцолсон бол ТНЗ-ийн удирдах зөвлөлийн дарга О.Батболд 4 хөтөлбөрийн үр дүнг нэгтгэн, бодит нөлөө, салбарын мэдээллийн чанарт оруулж буй хувь нэмрийг танилцуулсан юм. Тэгвэл “Оюутолгой” ХХК-ийн Хамтын ажиллагаа, мэдээллийн газрын Ерөнхий менежер Э.Хонгорзул хөтөлбөрийн ач холбогдол, цаашид үргэлжлүүлэн хэрэгжүүлэх боломжийн талаар тодорхой байр сууриа илэрхийлсэн.
Үүний дараа оролцогчдоос Mentimeter цахим хэрэгслээр богино асуулга авч, хөтөлбөрийн үнэлгээ, цаашдын хүлээлтийн талаарх үр дүнг шууд танилцуулсны зэрэгцээ бүлгийн хэлэлцүүлэг зохион байгуулж, сэтгүүлчид “Хөтөлбөрийн тогтвортой байдал ба хамтын ажиллагааны боломж”-ийн талаар санал солилцлоо.
Арга хэмжээ чөлөөт ярилцлагаар үргэлжилж, сэтгүүлчид шинэ санаачилга, хамтын ажиллагааны чиглэлүүдийг тодорхойлсноор хөтөлбөр амжилттай өндөрлөв.