"Эрэл хайгуул ба орон нутгийн харилцааны асуудал" хэлэлцүүлэгт ТНЗ оролцов
“Эрэл, хайгуулыг дэмжих нь” сэдвийн хүрээнд гуравдугаар сарын 27-ны өдөр 16 дахь удаагийн “Монголын геологи хайгуул” чуулга уулзалт эхэллээ. Хоёр өдөр үргэлжлэх энэхүү чуулган нь чухал сэдвүүдийг хөндөж, олон талт хэлэлцүүлэг өрнүүлж буйн нэг нь орон нутгийн харилцааны асуудал байсан юм.


Чуулганы эхний өдрийн хуралдаанаар “Эрэл хайгуул ба орон нутгийн харилцааны асуудал болон боломжууд” сэдвийн хүрээнд судлаачид, мэргэжлийн байгууллагууд, уул уурхайн компаниудын төлөөлөл оролцсон, сонирхолтой хэлэлцүүлэг өрнөлөө.
Энэхүү хэлэлцүүлэгт Монголын Тогтвортой хөгжил, нийгмийн хариуцлагын зөвлөлийн Удирдах зөвлөлийн дарга, ХБНГУ-ын Шпайрын их сургуулийн докторант О.Батболд панелистээр оролцож, уул уурхай ба орон нутгийн харилцаанд тулгамдаж буй асуудал, боломжуудын талаар өөрийн байр сууриа илэрхийлсэн юм.
Тэрээр геологи, уул уурхайн салбарын тогтвортой хөгжлийг дэмжихэд орон нутгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, нийгмийн хариуцлагыг сайжруулахын чухлыг онцлоод орон нутагтай хийх хамтын ажиллагааны шинэ боломжууд байгааг зарим нэг жишээгээр танилцуулав.