Мэдээ мэдээлэл

Blog

“Худалдан авалтаар орон нутгийн эдийн засгийг дэмжих нь” дугуй ширээний хэлэлцүүлэг болов

7-10-2024, 14:08
Mining Week 2024 арга хэмжээний 4 дэх өдөр буюу 10 дугаар сарын 5-ны Бямба гаригт Монголын тогтвортой хөгжил, нийгмийн хариуцлагын зөвлөл, Майнинг Инсайт сэтгүүл нь Монголын Уул уурхайн үндэсний ассоциацитай хамтран “Уул уурхайн орон нутгийн харилцаа” сэдвийн хүрээнд “Худалдан авалтаар орон нутгийн эдийн засгийг дэмжих нь” дугуй ширээний хэлэлцүүлэг зохион байгуулсан юм.
Хэлэлцүүлэгт уул уурхайн компаниудаас гадна нутгийн захиргааны байгууллагын уул уурхай болон жижиг дунд үйлдвэрлэл хариуцсан мэргэжилтнүүд, орон нутгийн бизнес болон иргэний нийгэм, олон нийтийн байгууллагын төлөөллүүд оролцлоо.
Хэлэлцүүлгийг нээж, Монголын тогтвортой хөгжил, нийгмийн хариуцлагын зөвлөлийн Удирдах зөвлөлийн дарга, судлаач О.Батболд “Хариуцлагатай уул уурхай ба Орон нутгийн харилцаа” сэдвээр танилцуулга хийсэн юм. Тэрээр илтгэлдээ, “Уул уурхайн төсөлд оролцогч талуудын тухай ойлголт өргөжсөөр компанийн ашиг орлого төдийгүй түүнийг даган өсөж тэлдэг орон нутгийн эдийн засаг, жижиг бизнес, иргэдийн эрх ашгийн талаар дэлхий нийтээр ярьдаг болжээ. Манай улсын хувьд орон нутгийн эдийн засагт ихээхэн нөлөөтэй жижиг дунд бизнесүүдийн хөгжлийг уул уурхайн компаниудын худалдан авалтын бодлогоор дэмжин тэтгэх, чадавхжуулах бололцоотой. Үүний цаана уул уурхай ба орон нутгийн харилцаа сайжрах, цаашлаад уул уурхайн төсөл амжилттай хэрэгжих, тогтвортой хөгжлөө хангах, оролцогч болгоны эрх ашиг тэнцүү хамгаалагдах юм. Энэхүү хандлагыг түгээн дэлгэрүүлэхэд хувь нэмрээ оруулахад дугуй ширээний хэлэлцүүлэг ач холбогдолтой”-г онцолсон юм.
Дундговь аймгийн ЗДТГ-ын Байгаль орчин, аялал жуулчлал, эрдэс баялаг, уул уурхайн бодлого хариуцсан мэргэжилтэн М.Ганчимэг, АМГТГ-ын Говийн бүсийн дарга Э.Ганхуяг нар илтгэлдээ уул уурхайн компаниудын худалдан авалт ба орон нутгийн жижиг дунд бизнесийн нөхцөл байдлыг Дундговь болон Өмнөговь аймгийн туршлагаар танилцуулав.
Мөн “Хургатай Хайрхан” компанийн Ерөнхий захирал Д.Ачит-Эрдэнэ, “Эрдэнэ Монгол” компанийн Захиргааны албаны дарга Б.Тамир нар орон нутгийн жижиг дунд бизнесийг дэмжин хөгжүүлэх чиглэлд хэрэгжүүлж буй арга туршлагаасаа хуваалцсан. “Хургатай Хайрхан” компанийн хувьд төсөл хэрэгжиж буй орон нутагт ямар бизнесийг хөгжүүлбэл урт хугацаандаа тогтвортой хөгжих боломжтой талаар судалгаа хийлгэсний үндсэн дээр тухайн бизнесийг бойжуулж, хөгжүүлэх сургалтууд хийж, чадавхжуулах ажлуудыг эн тэргүүнд төлөвлөсөн байна. “Эрдэнэ Монгол” компани нь төслийн бүтээн байгуулалтын үе шатнаас эхлүүлэн аливаа бараа, ажил, үйлчилгээг орон нутгийн ААН, иргэдээс авах, тэдэнд давуу эрх олгохыг эрмэлзэн орон нутгийн худалдан авалтыг дэмжин ажиллаж байна. Үүний зэрэгцээ газар зүйн байршлын сул талыг арилгах, орон нутгийн бизнес эрхлэгчдийн чадавхийг сайжруулах, зах зээлд өрсөлдөх чадвартай болгоход бодит хөрөнгө оруулалт хийхэд үйл ажиллагаагаа чиглүүлж буйгаа танилцуулсан юм.
Дугуй ширээний хэлэлцүүлгийг Майнинг Инсайт сэтгүүлийн Ерөнхий редактор С.Болд-Эрдэнэ чиглүүлсэн юм. Хэлэлцүүлгийн үеэр уул уурхайн компаниуд зөвхөн төсөл хэрэгжиж буй орон нутгаас худалдан авалт хийнэ гэж туйлшралгүйгээр ялангуяа уул уурхайн төслийн эрэлт хэрэгцээг дагаж бий болсон бусад орон нутгийн бизнесийн салбарыг төслийн орон нутагтаа бий болгох, логистикийг хөгжүүлэх, туршлага солилцох зэрэг санал санаачилга дэвшүүлсэн үр дүнтэй хэлэлцүүлэг болж өнгөрлөө.

скачать dle 12.0