Монгол Улсад нийгмийн нөлөөллийн үнэлгээг олон улсын жишгээр хийж эхэллээ
Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хууль эрхзүйн орчныг боловсронгуй болгон, дэд бүтцийн төсөлд нийгмийн нөлөөллийн үнэлгээ хийх эрхзүйн орчныг бий болгосон нь
Монгол Улсад хэрэгжих аливаа төслүүдэд байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хийх эрх зүйн орчныг 1998 онд анх баталж, 2012 онд шинэчлэн найруулсан Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ (БОНБҮ)-ний тухай хууль болон уг хуулийг дагаж гарсан холбогдох журмуудаар зохицуулж иржээ. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ (БОНБҮ)-ний журамд нийгмийн нөлөөллийн үнэлгээний асуудал хэт ерөнхий тусгагдсан байдаг.
Иймд НҮБХХ-ийн Байгаль орчны засаглал төслийн дэмжлэгтэйгээр Байгаль орчин, аялал жуулчлалын яам (БОАЖЯ) нь нийгмийн нөлөөллийн үнэлгээг олон улсын чиг хандлага, жишигт нийцүүлсэн холбогдох өөрчлөлтийг БОНБҮ-ний журамд шинээр оруулжээ. Шинэчилсэн журам 2023 оны хоёрдугаар сард Засгийн газрын 58 дугаар тогтоолоор батлагдан хэрэгжиж эхлээд байна. Ингэснээр дэд бүтцийн томоохон төслүүдийн нөлөөллийг олон улсын жишгээр нийгэм, хүний эрх, орон нутгийн эрх ашгийн үүднээс авч үзэх болж байна. Үүний гол ач холбогдол нь зохицуулагдаагүй харилцаанаас үүдэлтэй гардаг элдэв зөрчил маргаан цэгцрэх боломжтой болж байгаа юм.
БОНБҮ хуулийн ажлын хэсгийн хуралдаан, 2022 он
Байгаль орчны судлаач, доктор И.Бямбахүү:
“Байгаль орчны нөлөөллийн үнэлгээний явцад байгаль орчны бүрэлдэхүүн хэсгүүдэд үзүүлж болзошгүй сөрөг нөлөөллийг үнэлээд зогсохгүй нийгэмд үзүүлж болзошгүй нөлөөлөл, тэдгээрийн харилцан үйлчлэлийг цогцоор судлах, үнэлэхэд энэхүү өөрчлөлт ихээхэн ач холбогдолтой юм. Нийгмийн нөлөөллийн үнэлгээг нарийвчлан авч үзснээр төслийн үйл ажиллагаанаас үүдэн нийгмийн харилцаанд шинээр үүсэж болзошгүй эерэг, сөрөг нөлөөлөл, түүний үр дагаврыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тодорхойлох, таамаглах, үнэлэх, улмаар сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлэх, бууруулах, арилгах арга хэмжээг бодитойгоор төлөвлөхийн зэрэгцээ эерэг нөлөөллийг нэмэгдүүлэх боломжийг судлах бололцоо нээгдэнэ. Мөн нөлөөллийн үнэлгээний явцад шууд болон шууд бусаар өртөж болзошгүй орон нутгийн иргэдийн оролцоо нь олон талт хэлбэрээр илүү өндөр түвшинд хангагдаж, ингэснээр нийгэмд үзүүлж болзошгүй эерэг, сөрөг нөлөөллийг тодорхойлох, таамаглах, үнэлэх үе шатуудад иргэд өөрсдийн санал бодол, байр сууриа илүү бодитоор тусгах боломж бүрэлдэх юм. Үүний зэрэгцээ тухайн төсөлтэй холбоотой мэдээллийн ил тод байдал нэмэгдэнэ. Энэ нь төслийн ил тод байдлыг сайжруулах, улмаар төсөл хэрэгжүүлэгч болон оролцогч талууд, тухайлбал төслийн шууд нөлөөлөлд өртөх орон нутгийн иргэд хоорондын үл ойлголцлыг төсөл хэрэгжих бүхий л хугацаанд багасгахад чухал ач холбогдолтой болно гэж харж байгаа.
Шинэчилсэн журамд төслийн нөлөөллийн бүс дэх иргэдийн оролцоог хангах замаар санал бодол, зөвлөмжийг нь нарийвчлан судлах, нүүлгэн шилжүүлэлт, шинэ газарт дасан зохицох, өрхийн орлого тогтвортой хадгалагдах нөхцөл, нөхөн олговор, гомдол барагдуулах механизм, түүнийг хэрэгжүүлэх төлөвлөгөө гээд өмнө зохицуулалтгүй байсан олон асуудлыг тодорхой авч үзэж, дэлгэрэнгүй тусгажээ.
Цаашлаад БОАЖЯ-наас баталсан нийгмийн нөлөөллийн үнэлгээний баримт бичиг олон улсад хүлээн зөвшөөрөгдөх давхар ач холбогдолтой юм. Тодруулбал, энэхүү өөрчлөлт хийгдэхээс өмнө томоохон төслүүдэд БОНБҮ-ний журмын дагуу нийгмийн нөлөөллийн асуудлыг тусгахаас гадна олон улсын банк санхүүгийн байгууллагаас тавигддаг стандартаар тусдаа бас нэг үнэлгээ хийгддэг байв. Нэг ёсондоо зэрэгцээ хоёр нийгмийн нөлөөллийн үнэлгээ хийдэг байсан нь нэг болсноор төсөл хэрэгжүүлэгчдийн хувьд ч гэсэн цаг хугацаа, хөрөнгө хүч хэмнэсэн үр ашигтай өөрчлөлт болж байна.
БОАЖЯ-ны Байгаль орчны үнэлгээ, аудитын хэлтсийн дарга Г.Энхмөнх:
Журам, аргачлалыг шинэчилсэн нь олон улсын чиг хандлагатай нийцүүлсэн дэвшилтэт алхам. Одоо энэхүү нийгмийн нөлөөллийн үнэлгээтэй холбоотой асуудлыг Байгаль орчны нарийвчилсан нөлөөллийн үнэлгээний тухай хуульд тусгах нэмэлт өөрчлөлт хийгдэж байгаа. Хууль эрхзүйн орчиндоо буюу одоо мөрдөгдөж байгаа хуульд журам батална, журамд байгаль орчин, нийгмийн нөлөөлөлтэй холбоотой асуудлыг тусгана гэсэн зохицуулалттай. Энэ ерөнхий зохицуулалтыг хуулиар илүү тодорхой болгож өгч байгаа.
Шинэ журам, аргачлалын дагуу нийгмийн нөлөөллийн үнэлгээг дэд бүтцийн том төслүүд дээр хийж эхэлсэн ба эхний сайн туршлагууд гарч байна. Журам, аргачлал боловсруулах шатанд хийгдсэн Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц, АНУ-ын Мянганы сорилтын сангийн тусламжийн хөрөнгөөр хэрэгжиж буй “Улаанбаатар хотын ус хангамжийг нэмэгдүүлэх төсөл” болон шинэ журмын дагуу хийгдсэн “Дарханы арьс ширний үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах” төслийн нийгмийн нөлөөллийн үнэлгээ нь бусад төслийн хувьд жишиг туршлага болохуйц сайн хийгдсэн гэж үнэлэгдэж байна.
Нийгмийн нөлөөллийн үнэлгээг олон улсын жишгээр нарийвчлан зохицуулах болсон нь байгаль орчныг хамгаалах төдийгүй хүний эрхийг хангахад манай улсын хувьд чухал ахиц дэвшил юм. Гэхдээ журам, аргачлалтай болсноор бүх асуудал шийдэгдэхгүй. Бүрэн дүүрэн, үр дүнтэй хэрэгжүүлэхийн тулд хэрэгжилтийг дэмжих ажлын шаардлагууд шинээр үүсэж байна. Тухайлбал, боловсон хүчнийг мэргэшүүлэх, холбогдох мэргэжилтнүүдийг сургаж чиглүүлэх, нийгмийн нөлөөллийн үнэлгээний ач холбогдлыг танин мэдүүлэх, зөв ойлголт өгөх зэрэг асуудлууд тулгарч байна.