Мэдээ мэдээлэл

Blog

ХОБОМ-Итгэлцэл дутсан орон зайд иргэдийн оролцоог бодитоор хангасан хөтөлбөр

16-09-2024, 10:22
Хамтын оролцоотой байгаль орчны мониторингийн механизмыг түгээн дэлгэрүүлэх нь
Н.Баярсайхан нь уул уурхайн салбарт идэвхтэй ажилладаг иргэний нийгмийн байгууллагын нэг “Хил хязгааргүй алхам” ТББ-ын тэргүүн. Тэрбээр 10 гаруй жилийн өмнөөс уул уурхайн нөлөөллийн бүсийн иргэдтэй хамтран ажиллаж, уул уурхайн компаниудыг хууль ёсны дагуу ажиллахыг шахаж, шаардаж ирсэн иргэний нийгмийн төлөөлөл юм. 2011 онд ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хуулийн
хэрэгжилтийг хянах иргэдийн үнэлгээний картны загвар, гарын авлага гаргаж байсан тэрбээр уул уурхайн компаниудын үйл ажиллагаанд иргэдийн оролцоог хангах, иргэдийн хяналтыг нэвтрүүлэх чиглэлд бодитой алхмуудыг хийсээр иржээ. 10 гаруй жилийн энэхүү туршлагадаа үндэслэн, НҮБХХ-ийн Байгаль орчны засаглал төслөөс зарласан ХОБОМ-ийн аргачлал боловсруулах, хэрэгжүүлэх нээлттэй сонгон шалгаруулалтад оролцож, улмаар шалгаран, 2020 оноос ХОБОМ-ийн төслийг хэрэгжүүлсэн байна.
                                    Талбайд ХОБОМ хийж байгаа нь, Айраг сум, 2021 он

“Хил хязгааргүй алхам” ТББ-ын тэргүүн Н.Баярсайхан:
“Бүх тал хүлээн зөвшөөрөхүйц хялбар аргачлал гаргах шаардлагатай байсан. Талуудад мэдлэг олгох, салбарыг ойлгуулах, улмаар хамтран ажиллах, ойлголцох, иргэдийг оролцуулах ажлын эхлэлийг тавья гэсэн анхны зорилго маань давж биелсэнд баяртай байдаг. Одоо бол талууд аль аль нь хожих ёстой гэдэг үндсэн концепц бүрэн хангагдаж, орон нутаг хөгжлөө тодорхойлох, байгаль орчноо сүйтгэхгүйгээр
авч үлдэх, иргэд нь эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхээ хангахад өөрсдөө оролцох, компани нь засаг захиргааны байгууллагыг ашиглан, иргэдийн эсэргүүцлийг дарах, намжаах гэдгээ больж иргэдтэйгээ хамтран ажиллаж, хамтдаа хариуцлага хүлээдэг болох хандлага руу явж байна” хэмээн ХОБОМ-ийн төслийн үр дүнг дүгнэж байна.

Одоогийн байдлаар Завхан аймгийн Дөрвөлжин сумын “Баян-Айраг Эксплорэйшн”, Төв аймгийн Баянжаргалан сумын “Цэцэнс Майнинг & Энержи”, Дорнод аймгийн Баяндун сумын “Эс Жи Майнинг”, Дорноговь аймгийн Даланжаргалан сумын “Говийн шандаст хүлэг”, “Эко хэлхээ”, Айраг сумын “Янтай Уул”, “Мэн Ли Да”, Хөвсгөл сумын “Сора говь” компаниуд болон “Багануур” ХК дээр ХОБОМ-ийн төслүүд хэрэгжиж байна. Бүгдэд нь эерэг өөрчлөлт гарч байгаад ХОБОМ хэрэгжүүлэгч багууд болон Н.Баярсайхан сэтгэл өөдрөг явна.
ХОБОМ амжилттай хэрэгжих суурь нь уул уурхай ба байгаль орчны талаар иргэд болон нутгийн захиргааны ажилтнуудыг мэдлэг мэдээлэлтэй болгох гэдгийг Н.Баярсайхан онцолсон юм. Гэхдээ энэ бүхэн анхандаа тийм ч амар байсангүй. Компаниуд ойлгохгүй, дэмжихгүй байх, компани, иргэдийг хооронд нь зуучилж, ойлголцуулахаас эхлээд багагүй бэрхшээлийг туулжээ. Эцэст нь эерэг үр дүнд хүрдгийн тодорхой нэг жишээ бол Төв аймгийн Баянжаргалан сумд хэрэгжсэн ХОБОМ-ийн төсөл юм.

Баянжаргалан сумд “Цэцэнс Майнинг & Энержи” компани дээр анх ХОБОМ хэрэгжүүлэхээр талуудтай уулзах үеэр малчид уйлж, худлаа ярилаа хэмээн компанийн төлөөлөл рүү сав суулга хүртэл шидсэн явдал гарчээ. Малчин Х тэр л дургүйцэж бухимдсан олны нэг байв. “Цэцэнс Майнинг & Энержи” компанийн үйл ажиллагаанаас болж худгийн ус татарч байна гэж ихэд бухимддаг байж. ХОБОМ-ийн үндсэн зорилго бол үйл ажиллагаандаа тухайн бүсийн малчдыг оролцуулах тул малчин Х-д ХОБОМ-ийн ач холбогдлыг ойлгуулж, татан оролцуулснаар тэрээр өөрийнхөө худаг болон уурхайгаас адил зайд байрлах өөр нэг худгийн усыг тогтмол хэмжиж эхлэв. Сар бүрийн эхний 10 хоногт хоёр худгийнхаа усыг хэмжсээр хэдийнээ гурван жилийн нүүр үзжээ. Энэ хугацаанд аль ч худгийнх нь ус татарсангүй. Одоо тэрээр ХОБОМ үргэлжлэн хэрэгжих эсэхээс үл хамааран худгийн усаа өөрөө байнга хэмжиж байна хэмээн ярьж байна. Тэр бүү хэл уул уурхайн үйл ажиллагаа явуулдаг хөрш зэргэлдээх багийн иргэд Х-г худгийн усаа хэмжиж өгөөч гэх болжээ. Харин Х тэдэнд ХОБОМ-ийн ажилд өөрсдөө оролцох нь хэчнээн чухлыг уйгагүй ярьж таниулдаг.
                          ХОБОМ-ийн хороо байгуулах хурал, Баянжаргалан сум, 2020 он
Уул уурхайгаас болж худгийн ус татарч, ширгэж байна гэх нь байнга гардаг маргааны нэг юм. Уурхайг хардаж, усаа харамладаг мянга мянган малчны нэг нь ХОБОМ-д оролцсоноор гарсан сайн үр нөлөөний нэг жишээ энэ. Үүнтэй адил ХОБОМ-ийг хэрэгжүүлснээр нөлөөллийн бүсийн иргэд, сумын захиргаа, компани хооронд ойлголцол бий болж, хамтран ажиллаж, хамтын оролцоотойгоор байгаль орчны хяналтаа хийж яваа жишээ цөөнгүй бий.

Тэдний нэг нь Дорноговь аймгийн Айраг сумын ХОБОМ багийн түүх. БНХАУ-ын хөрөнгө оруулалттай жоншны “Мин Ли Да” компани дээр амжилттай хэрэгжиж буй ХОБОМ эхлэхдээ тийм ч амар хялбар байсангүй. 2020 оны зургаадугаар сард “Эх орон хамтын хүч” ТББ-ын ажилтнууд болон орон нутгийн захиргаа, нөлөөллийн бүсийн малчид ХОБОМ-ийн сургалтад суужээ. Тэд ХОБОМ хэрэгжүүлэх уурхайгаар тухайн үедээ байгаль орчин, нийгмийн асуудлаар нутгийн иргэд, малчидтай ихээхэн зөрчилдөөнтэй байсан “Мин Ли Да” компанийг сонгосон байна. БНХАУ-ын компани гэхээр хариуцлагагүй, хаалттай, үл бүтэх нөхөд гэх нийтлэг ойлголт малчдад байдаг. Анхны уулзалт хардлага сэрдлэг, уурлаж бухимдах гээд хамтрах нь бүү хэл ойлголцоход ч бэрх нөхцөлд болж. Гэхдээ зөвлөлдөх уулзалтыг бэлтгэлээ сайтар базааж, зөв зохион байгуулсны хүчинд эцэстээ зөвшилцөж чадсан байна.
                    ХОБОМ-ийн хорооны хурал, Баяндун сум, 2022 он
Өдгөө “Мин Ли Да” компанийн уурхай дээр 3 жил ХОБОМ хэрэгжиж байгаа бөгөөд 25 хүн 20 шахам удаагийн сургалтад хамрагдаж, 14 удаагийн хэмжилтээр ургамал, хог хаягдал, химийн бодис, гүний усны мониторинг хийж, мэдээллийн сан үүсгээд байна. Хамгийн гол нь “Мин Ли Да” компани орон нутгийн иргэдтэй хамтран ажиллаж, БОМТ-нд иргэдийн саналыг тусгахаас гадна иргэдийн саналаар малчдын бэлчээр нутагт бичил уурхайн эдэлбэрт өртөж орхигдсон 3.2 га талбайд нөхөн сэргээлт хүртэл хийсэн байна. Иргэдийн гаргах гомдол ч эрс буурсныг ХОБОМ-ийн үр өгөөж хэмээн сумын иргэд онцолж байна.

Уул уурхайн салбарын нэр хүндийг хамгийн их унагадаг, итгэлцэл үүсдэггүй, төслийг гацаадаг асуудлын нэг нь байгаль орчны хариуцлага. Байгаль орчны асуудал хүн бүрийн нүдэнд ил мэт харагдавч учир шалтгааныг олох, үнэн худлыг мэдэхэд мэдлэг, чадвар хэрэгтэй. ХОБОМ бол энэхүү дутагдаж буй орон зайд амжилттай хэрэгжиж буй хөтөлбөр юм. ХОБОМ хэрэгжүүлсэн гурван жилийн хугацаанд нөлөөллийн бүсийн иргэд хууль, эрх зүйн мэдлэгтэй болж, мониторингийн аргачлалд суралцахын зэрэгцээ байгаль орчны өөрчлөлтийн талаар өөрсдийн хэмжиж тэмдэглэсэн их хэмжээний өгөгдөл мэдээлэлтэй болж байна. Хамтдаа судалж, хамтдаа хийж, нэг мэдээлэл, нэг ойлголттой болсон
болохоор үл ойлголцол, хардалт сэрдэлт үгүй болдог аж. Цаашид ХОБОМ-ийг бүх л уурхайнуудад хэрэгжүүлэх боломжтой гэсэн итгэл төрснөө Н.Баярсайхан нуугаагүй.

ХОБОМ-ийг хэрхэн үргэлжлүүлэх талаар тодорхой санал, санаачилгууд ч гарч байгаа аж. Тухайлбал, уул уурхайн компани болгон сум, орон нутагтай Хамтын ажиллагааны гэрээ байгуулдаг. Уг гэрээнд ХОБОМ-ийг хамтран хэрэгжүүлэх заалт тусгавал компани, засаг захиргаа, нөлөөллийн бүсийн иргэд бүгдэд нь ашиг тустай юм. Ийм гарц гаргаж, шийдсэн шийдэл ч бий. Завхан аймгийн Дөрвөлжин суманд үйл ажиллагаа явуулдаг “Баян-Айраг Эксплорэйшн” компанийн уурхайд ХОБОМ хэрэгжүүлдэг баг нь компани болон сумын удирдлагатай маш сайн ойлголцож, ХОБОМ-ийг амжилттай хэрэгжүүлж байна. Тус баг Сумын захиргаа болон компани хооронд байгуулдаг “Хамтын ажиллагааны гэрээ”-нд “ХОБОМ-ийг нутгийн иргэдийн оролцоотой тогтмол хэрэгжүүлэх” гэдэг заалтыг байгаль орчны талаар хүлээсэн үүрэг болгон оруулахаар тохиролцож, идэвхтэй ажиллаж байгаа аж.

НҮБХХ-ийн Байгаль орчны засаглал төслөөс хэрэгжүүлсэн ХОБОМ төсөл амжилттай хэрэгжиж, түүний хэрээр уул уурхай ба орон нутгийн ойлголцол бий болж байна. Тиймээс БОЗ төслөөс 2023 онд “Онон Улз голынхон” хөдөлгөөн, “Баян саран гумуда”, “Туна тэргэл сан”, “Эх орон хамтын хүч”, “Говийн хөх салхи, “Сараана байгаль хамгаалах сан” гэсэн 6 ТББ-д ХОБОМ хийх тэтгэлэг өгөөд байна. ХОБОМ-ийн арга туршлагыг хэрэгжүүлж, түгээн дэлгэрүүлэхэд мэдлэг, арга зүйн дэмжлэг зөвлөмж шаардагдах нь зүйн хэрэг. Тийм болохоор цаашид талуудын оролцоог хангах, эвлэрүүлэн зуучлах, мэдлэг арга зүйд сургах зөвлөхүүдийн хэрэгцээ шаардлага шинээр үүсэж байна.
скачать dle 12.0