Мэдээ мэдээлэл

Blog

Уул уурхайд хариуцлагыг төлөвшүүлэх эхлэл

20-08-2024, 08:00
Хариуцлагатай уул уурхайн санал санаачилга Монголд 2006 оноос анх яригдаж эхэлсэн ч бодит ажил хэрэг болгох эхлэлийг НҮБХХ-ийн “Байгаль орчны засаглал” төслөөс тавьжээ. Тус хөтөлбөрөөс 2017 онд анх Хариуцлагатай уул уурхайн жишиг шаардлагыг гаргаж, 2020 онд түүнд суурилсан “Хариуцлагатай уул уурхайн хөтөлбөр”, “Хариуцлагатай уул уурхайнкодекс”-ийг Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциаци (МУУҮА)-тай хамтран боловсруулсан байна. Улмаар эхний 16 компанид сургалт явуулж, нэвтрүүлж эхэлснийг өдгөө МУУҮА салбарын хэмжээнд амжилттай үргэлжлүүлж, түгээн хөгжүүлж байна.
2006 онд Монгол Улс Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилга (ОҮИТБС)-д нэгдэхийн өмнөхөн МУУҮА-иас хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх санаачилга анх дэвшүүлжээ. Энэхүү санаачилгын үндсэн дээр төрийн болон иргэний нийгмийн байгууллага, компаниудын төлөөлөл хамтран уул уурхайн компаниудын үйл ажиллагаандаа дагаж мөрдөх Хариуцлагатай уул уурхайн 8 зарчмыг тодорхойлж, хэрэгжүүлэх Тунхаг бичигт 80 гаруй байгууллага, иргэдийн төлөөлөл гарын үсгээ зурж байжээ. Мөн “Хариуцлагатай уул уурхайн санаачлага” ТББ-ыг байгуулж, хэрэгжүүлэгч байгууллагаар тодорхойлсон байна. Хариуцлагатай уул уурхайн зарчмын талаар Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, УИХ, Засгийн газрын холбогдох баримт бичгүүдэд тусгалаа олж, ахиц дэвшил гарч байсан ч хангалттай биш, хэрэгжилт удаашралтай байлаа.
Хариуцлагатай уул уурхайн шалгуур бий болгох төслийг санаачлагчдын нэг, МУУҮА-ын Гүйцэтгэх захирал асан Н.Алгаа
Хариуцлагатай уул уурхайн зарчмыг хэрэгжүүлэхээр “Хариуцлагатай уул уурхайн санаачлага” ТББ нэлээд чармайсан юм. Гэхдээ ямар арга хэрэгслээр хэрхэн хэрэгжүүлэх тухайд мэдлэг, туршлага дутаж байлаа. Зорилгын хувьд компанийн сайн засаглал болон нийгмийн хариуцлагатай ижил төстэй ч алийг нь ч хэрэгжүүлсэн туршлага Монголд байсангүй. ТББ-аас хариуцлагатай уул уурхайг дүгнэх шалгуур үзүүлэлт боловсруулж, оролцогч талуудад танилцуулахад хүлээж аваагүй. Шалтгаан нь хэн, хэзээ, яаж дүгнэх нь тодорхойгүйгээс гадна хэрхэн дүгнэх тухайд хүлээн зөвшөөрөгдсөн заавар, аргачлал санал болгож чадаагүйтэй холбоотой байв” хэмээн дурсжээ.
НҮБХХ-өөс 2017 онд хийсэн судалгаагаар уул уурхайн салбарт авлигын эрсдэл өндөр байгаа нь хууль эрх зүйн орчны зохицуулалт дутуутай холбоотой гэсэн дүгнэлт гарсан байна. Энэхүү судалгаанд үндэслэн НҮБХХ болон МУУҮА компаниудын хариуцлагыг үнэлэх, сайжруулах аргачлалыг боловсруулсан байна. Ингэхдээ уул уурхайн нөлөөллийг бүхэлд нь хамарсан, олборлох салбарын хариуцлагыг бүрэн дүүрэн илтгэж чадахуйц шаардлага, шалгуур үзүүлэлтүүд гаргахыг зорьжээ.
Судалгааны хүрээнд олон улсын 24 санаачилгыг судалж, тэдгээрээс давхардсан тоогоор 600 гаруй шаардлагыг авч үзсэн бөгөөд үүндээ үндэслэн кодексийн шаардлагуудыг тодорхойлсон байна. Улмаар Монголын компаниудын хөгжил төлөвшилд тохируулан 29 шалгуураар “Хариуцлагатай уул уурхайн сайн дурын кодекс”-ийг боловсруулжээ. Уг аргачлалаар анхлан Багануурын уурхайг үнэлж, туршсан байна. Туршилт амжилттай болсон тул уул уурхайн тэргүүлэх 16 компанийг нэгтгэн кодекс нэвтрүүлэх чиглэлээр сургаж дадлагажуулжээ. Энэхүү төслийн үр дүнд кодексийг цаашид салбарын мэргэжлийн байгууллага нь хөгжүүлээд явах боломжтой гэж үзсэн байна.
2019 онд УУХҮЯ болон МУУҮА-иас “Хариуцлагаар нэгдье” аян зохиож, уг аяны хүрээнд тэргүүлэх 8 компани нэгдэж харилцан ойлголцлын Санамж бичигт гарын үсэг зурснаар “Хариуцлагатай уул уурхайн хөтөлбөр” хэрэгжиж эхэлсэн юм. Өнөөдрийн байдлаар “Хариуцлагатай уул уурхайн сайн дурын кодекс”-ыг 38 компани нэвтрүүлж, эгнээ нь тэлсээр байна.
МУУҮА-ийн Гүйцэтгэх захирал Г.Эрдэнэтуяа:
Хариуцлагатай уул уурхайн кодекс (ХУУК)-ийг уул уурхайн компаниуд сайн дурын үндсэн дээр хүлээн зөвшөөрч хэрэгжүүлж байсан бол 2022 оноос МУУҮА дүрмээ шинэчилснээр гишүүн байгууллагууд кодексийг шууд хэрэгжүүлэх үүрэг хүлээх болсон. Кодексийн шаардлагыг хангасан компаниуд Тогтвортой хөгжлийн 17 зорилтын 7-8-ыг хангаж чадах юм. Энэ бол маш чухал үзүүлэлт. Эрдэс баялгийн салбар маш олон оролцогч талтай. Тэр бүгдэд өөр өөрийн хүсэл сонирхол бий. Тэдгээр оролцогчид буюу компаниуд, төрийн байгууллагууд, иргэний нийгэм, орон нутгийн хүсэл сонирхлын огтлолцох цэг нь ХУУК юм.
Өнгөрсөн таван жилд МУУҮА нь “Байгаль орчны засаглал” төслөөс суурийг нь тавьсан кодексийг улам боловсронгуй болгож, “Хариуцлагатай уул уурхайн хөтөлбөр” цогц баримт бичгийг боловсруулаад байна. Уг хөтөлбөрийн хүрээнд хараат бус хөндлөнгийн үнэлгээний 23 аудиторыг бэлтгэсэн бөгөөд эдгээр мэргэжилтнүүд компаниудад хөндлөнгийн үнэлгээ хийж эхлээд байна.

Компаниудын өөрийн үнэлгээ
Оюутолгой
Энержи Ресурс
Платинум Ланд
Саусгоби Сэндс
Хангад Эксплорэйшн
100%
91.6%
91.6%
83%
89.2%

Монгол Улсад хариуцлагатай уул уурхайн компанийг тодорхойлох шалгуур үзүүлэлтийг ийнхүү тодорхой кодексоор үнэлэх болсон нь эрдэс баялгийн салбарын хөгжилд чухал дэвшил юм. МУУҮА кодексийн хүрээг улам тэлж, жижиг дунд компаниудад нэвтрүүлэхээр зорин ажиллаж байна. “Хариуцлагатай уул уурхай” хөтөлбөрийг дэмжсэн эерэг хандлагууд бий болж буйн нэг илрэл нь салбар хоорондын түншлэл сайжирч, иргэний нийгмийн байгууллагуудын идэвх оролцоо нэмэгдэж байгаа явдал. Хөтөлбөрийг дэмжсэн хамтын ажиллагааны санамж бичгийг “Монгол нүүрс” ассоциацитай (2023.08.03), БОАЖЯ-тай (2023.08.14), эрчим хүчний салбарын “Ньюком” групптэй (2023.08.18) тус тус байгуулаад байна.
Кодексийг ийнхүү өргөн хүрээнд түгээн дэлгэрүүлэхийн хэрээр Монголын эрдэс баялгийн салбарт хариуцлагатай үйл ажиллагаа төлөвшин тогтох ач тустай. Энэ нь эрдэс баялгийн салбарын оролцогч бүхий л талд үр өгөөжөө өгөхөөс гадна Монгол Улсын тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулах юм.
скачать dle 12.0