Мэдээ мэдээлэл

Blog

Мэдлэг түгээсэн алхам: Жендэрээс хүний эрхийн чиглэлд

13-08-2024, 10:27
Монголын Тогтвортой хөгжил, нийгмийн хариуцлагын зөвлөл нь 2023 онд Шведийн Байгаль Хамгаалах Агентлагийн дэмжлэгээр НҮБХХ-ийн хэрэгжүүлж буй Байгаль орчны засаглал төсөлтэй хамтран "Уул уурхайн салбарын засаглалд байгаль орчин, хүний эрхийн зарчмыг тусгах нь" тайланг боловсруулсан юм. Энэхүү тайланд Монголын уул уурхайн салбарын засаглалыг сайжруулах чиглэлээр хэрэгжүүлсэн үйл ажиллагаануудын үр нөлөө, туршлага, сургамжийн зэрэгцээ 5 кейс судалгааг хуваалцсан билээ. Тэдгээрийн эхнийх буюу "Хүний эрхэд нөлөөлөх байдлын магадлан шинжилгээ (Human Right Due Diligence)” хийх аргачлалыг эрдэс баялгийн салбарын уул уурхайн олборлох компаниудад нэвтрүүлэх нь" төслийн талаарх кейсийг хуваалцаж байна.
Бизнесүүдэд Хүний эрхийн магадлан шинжилгээ (ХЭМШ) хийлгэх нь олон улс оронд хууль тогтоомжийн шаардлага болон хувирч байна. Монгол Улсын хувьд ч гэсэн Засгийн газраас “Бизнес ба хүний эрхийн үндэсний үйл ажиллагааны төлөвлөгөө” (2023.06.14)-г баталснаар ХЭМШ хийлгэх үйл явц албажсан гэж хэлж болно. ХЭМШ нь манай улсын хувьд шинэ тутам ойлголт боловч НҮБХХ-ийн “Байгаль орчны засаглал”, “Бизнес ба хүний эрх” төслийн хүрээнд уул уурхай, хүнс, ноос ноолуурын салбарын 3 холбоог чадавхжуулсны үндсэн дээр тэднээр дамжуулан тухайн салбаруудад ХЭМШ нэвтрүүлэх туршилтын төслийг хэрэгжүүлснээр энэ чиглэлийн мэдлэг ойлголт тодорхой салбаруудад амжилттайгаар түгэн дэлгэрч байна.

“Эрдэс баялаг эмэгтэйчүүдийн холбоо” (ЭБЭХ) ТББ нь харьцангуй залуу олон нийтийн байгууллага юм. 2018 онд анх удаа салбарын эмэгтэйчүүдийн санаачилгаар “Эрдэс баялаг эмэгтэйчүүд” чуулган зохиогдож, дараа жилийн чуулганаас холбоо байгуулах санаачилга гарснаар 2020 онд ЭБЭХ мэндэлжээ. Нэр болон анхны зорилгоос үүдэн ЭБЭХ-г эмэгтэйчүүдийн эрхийн төлөөх байгууллага гэж ойлгох нь бий. Тус холбоо эрдэс баялгийн салбарт жендэрийн ойлголтыг нэмэгдүүлж, хэвшмэл хандлагыг өөрчлөх чиглэлд цөөн жилд цөөдөхөөргүй намтар, туршлага бий болгоод байгаа юм. Харин 2022 онд НҮБХХ-ийн ХЭМШ хөтөлбөрийн хүрээнд “Эрдэнэс Тавантолгой” ХК-д ХЭМШ хийсэн нь жендэрээс хүний эрхийн чиглэлд хийсэн том алхам байв. Улмаар үйл ажиллагаагаа тэлэх шинэ түүхийн эхлэх цэг болжээ.
Энэхүү хөтөлбөрт ЭБЭХ-г сонгосон нь уул уурхайн салбарт жендэрийн цахим сургалтын бүтээгдэхүүн боловсруулж, Хариуцлагатай уул уурхайн кодекс бичилцсэн мэдлэг, туршлагыг харгалзсаных байв.

ЭБЭХ-ны зөвлөх Ш.Байгалмаа:Салбарын бизнесийг мэдэхгүйгээр ХЭМШ-ээр чадавхжина гэвэл цаг хугацааны хувьд алдагдалтай. Туршлагад нь суурилж чадавхжуулснаар цаг хугацаа төдийгүй хүний нөөцийг хэмнэдэг. Энэ утгаар нь хөтөлбөрт ЭБЭХ-г сонгосны хэрэг гарч, маш богино хугацаанд төслийн үр дүн гарсан.

Чадавхжуулах сургалтад хамрагдсаны дараа ЭБЭХ Монголын хамгийн том төрийн өмчит нүүрсний компанид ХЭМШ хийсэн нь асар том хичээл болсон юм. Энэ нь Монголын эрдэс баялгийн салбар дахь анхны туршлага боловч богино хугацаанд маш үр дүнтэй хэрэгжжээ. Үүнд компанийн хүчин чармайлт, удирдлагын манлайллаас гадна ХЭМШ хийсэн багийн туршлага, сонгосон арга барил голлох үүрэгтэй байв.

ЭБЭХ-ны тэргүүн Б.Туяа: ХЭМШ нь бүхий л оролцогчдын хувьд цоо шинэ мэдлэг байсан. “Эрдэнэс Тавантолгой”-д ХЭМШ хийхдээ бид бүгдээр суралцсан. Хамтдаа суралцангаа, үл буруутгах зарчмаар ажилласан. Суурь судалгаа хийхэд л сургалтаар олж авсан мэдлэг маань маш их цэгцэрч байв.

ЭБЭХ-ны зөвлөх Ш.Байгалмаа: Төслийг хэрэгжүүлэх явцад жижиг өөрчлөлтүүд тэр даруйдаа гарч байсан нь биднийг их урамшуулсан. Ажлын байрны үзлэгийн дараа оффистоо хүүхдийн өрөө гарган тохижуулж, компанийн удирдлагууд хамт олныхоо оролцоог үнэлдэг болж, Баасан гариг бүрийг ажиллагсадаа сонсдог өдөр болгож, цагийн уян хатан зохицуулалт гаргаж, ажиллагсад болон удирдлагууд мэдлэгжсэн. Газар дээрээ өөрчлөгдөн, байгууллагын соёл, хүмүүсийн хандлага, зан үйлийн төлөвшил сайжирч, хүний эрхэд хүндэтгэлтэй хандаж эхлэхийг харах үнэхээр сайхан байсан.

Төслийн үр дүнд уул уурхайн салбарт ХЭМШ хийх мэдлэг, чадамж, аргазүйн эхний туршлага бий болжээ. Мэдлэгийн бүтээгдэхүүнүүд үүсээд зогсохгүй ХЭМШ хийх чадавхтай баг бий болсон нь хамгийн гол үр дүн юм. Ирээдүйд хэрэгцээ шаардлага нь улам өсөх ийм ур чадвар бий болж буй нь эрдэс баялгийн салбарт ч таатай мэдээ. ХЭМШ-ний нэг давуу тал нь компани нэг удаа иж бүрэн ХЭМШ хийлгээд мэдлэг авчихвал дараа нь өөрсдөө хийх чадавхтай болж үлддэг явдал.
Харин ЭБЭХ-ны хувьд энэ мэдлэг, туршлагаа зөвхөн нэг төслийн түүх болгож үлдээсэнгүй. Өдгөө ЭБЭХ-ны үйл ажиллагааны голлох нэг чиглэл нь ХЭМШ болоод байна. Тэд уул уурхайгаар хязгаарлалгүйгээр бизнесийн бүхий л салбарт хүний эрхийг хүндэтгэгч компани байх нь ирээдүйн үнэ цэнийн өсөлтөд хэрхэн эергээр нөлөөлөхийг уйгагүй сурталчлан таниулж байна. Хийсэн сургалт танилцуулгууд нь бизнесийн байгууллагуудыг том жижиг гэхгүйгээр хүний эрхийг хүндэтгэх үүрэг, хариуцлагын талаар мэдлэг ойлголттой болгож, сэдэлжүүлж байна. Энэ төслийн дараа ЭБЭХ-ны зөвлөхүүд 2023 оны байдлаар 202 байгууллагын 310 хүнд Хариуцлагатай бизнес ба хүний эрхийн мэдлэгийг түгээжээ. Мэдлэг түгээж буй байгууллага, хүмүүсийн тоо өдөр өдрөөр өссөөр байна. Эдгээрээс НҮБХХ-ийн дэмжлэгтэйгээр 20 байгууллагын 24 хүнийг хамруулсан ДЭМ хөтөлбөрийг эс тооцвол мэдлэг, туршлагаа үнэ төлбөргүй хуваалцжээ.

ЭБЭХ-ны тэргүүн Б.Туяа: ТББ-ыг чадавхжуулснаар бид шинэлэг зүйлд суралцсан. Одоо тэр мэдлэгээ бусдадаа шилжүүлж байна. Бидэнд өөрсдөд ч эерэг сайжруулалтын зан үйл сууж, бүхнийг хүний эрхийн “линз”-ээр харах болсон. Нэг ёсондоо хүний эрх төвтэйгээр асуудалд хандах чадамжтай болж байна.

ДЭМ буюу зохистой хөдөлмөр эрхлэлтийн мэдлэг түгээх хөтөлбөрийн зорилго нь 20 жижиг бизнест хөдөлмөр эрхлэлтийн мэдлэг ойлголт өгч, зан үйлийн өөрчлөлт хийх байв. Үүний тулд ЭБЭХ ажлын байрны нөхцөлийг өөрчлөх замаар ажилтан, ажил олгогчийн хамтын ажиллагааг сайжруулахыг зорьжээ. Ажлаа хийхэд тань үүнийг ингэчихээсэй гэх ямар бодол орж ирдэг вэ. Тэр чинь л ажил сайжруулах санал гэж чиглүүлж өгснөөр ажилтнуудаас төсөөлөөгүй бүтээлч санаачилгууд гарч эхэлж. Өөдсөө ангилах, ажлын байрны үзлэг хийж, аюулаа таньж, тэмдэг тэмдэглээ хийхээс эхлээд 20 бизнес дундаа нэг түгээлтийн машинтай болтлоо өөрчлөлтүүд гарав. Ердөө хогийн савны байршил өөрчлөхөд л эмх цэгц бий болж, хөдөлмөрийн бүтээмжид нөлөөлж, хамтын ажиллагаа сайжирч, уур бухимдал багасаад ирсэн нь бүгдийг гайхашруулжээ.

Ажлын арга барил, үйлдлээ сайжруулах жижигхэн ийм өөрчлөлтүүд хүн бүхэнд мэдээжийн зүйл мэт боловч хэн ч хэлдэггүй учраас мэдэхгүй, санаанд ордоггүй байж. Харин хэлж чиглүүлж өгсний үрээр бүгдийнх нь ажлын байрны нөхцөл сайжирчээ. Гол нь ажлын байрны эмх цэгцээс эхэлсэн энэ өөрчлөлт ажил олгогч ажилтан хоёрыг бие биенээ хамтран зүтгэгчид гэсэн ойлголцолд хүргэж чадсан байна. Хөгжлийн үндэс бол хүн бүхний оролцоо гэдгийг ойлгосноор ДЭМ-ийнхэн өөрсдөө ч сэтгэлгээний хувьд ихээхэн өөрчлөгджээ. Эрүүл аюулгүй ажлын байрыг зөвхөн ажил олгогч бус ажилтнууд бүгдээр хамтарч бий болгодгийг ойлгож авснаа төслийн хамгийн чухал үр дүн гэж ДЭМ-ийнхэн үнэлсэн юм. Өөр ямар ч төсөл хөтөлбөрөөс ийм энгийн мөртлөө чухал мэдлэг авч байгаагүй гэж тэд сэтгэл дүүрэн ярьж байна.

Энэ бол “Байгаль орчны засаглал” хөтөлбөрөөс ЭБЭХ тэргүүтэй 3 холбоонд, тэдний нэг ЭБЭХ-ноос жижиг дундуудад мэдлэг шилжүүлж, тэднийг чадавхжуулсан чухал хөрөнгө оруулалт юм.

Төслийн нэр: НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн “Байгаль орчны засаглал”, “Бизнес ба хүний эрх” төслийн хүрээнд Хүний эрхэд нөлөөлөх байдлын магадлан шинжилгээ (Human Right Due Diligence)” хийх аргачлалыг эрдэс баялгийн салбарын уул уурхайн олборлох компаниудад нэвтрүүлэх нь
скачать dle 12.0