Уур амьсгалын өөрчлөлтөд шийдлийн сэтгүүл зүйн үүрэг өндөр
Монголын тогтвортой хөгжил, нийгмийн хариуцлагын зөвлөлөөс "Оюутолгой" ХХК-ийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж буй “Уул уурхай, эдийн засгийн чиглэлээр сэтгүүлчдийг чадавхжуулах хөтөлбөр” ээлжит удаагаа болж (2024.01.29-30) өндөрлөсөн билээ. Тус чадавхжуулах хөтөлбөрийн нэг хэсэг нь сэтгүүлч, сэтгүүлчтэйгээ харилцан мэдлэг, туршлагаа солилцсон явдал бөгөөд ХБНГУ-ын сэтгүүлч, сургагч багш Сара Шурманныг урьж цахим хэлбэрээр оролцуулсан юм. Тэрээр "Уур амьсгалын өөрчлөлтийн сэтгүүл зүй" чиглэлээр таван жил ажиллаж буй туршлагатай сэтгүүлч. Манай улсад ийм чиглэлээр дагнасан сэтгүүлч тун ховор. Хөтөлбөрийн хүрээнд уур амьсгалын өөрчлөлт бол бүхий л салбартай холбогддог гэсэн ойлголттой болсон юм. Түүний сургалтын зарим гол санаанаас хүргэж байна.
ТОЙРУУ БОЛОВЧ ОНОСОН УТГА
Уур амьсгалын өөрчлөлтийг хөндөхдөө байнга “уур амьсгалын өөрчлөлт” гэсэн үг ашиглах нь учир дутагдалтай. Яагаад гэвэл уур амьсгалын өөрчлөлт гэхээр хүлээж авдаггүй, хямардаг, эсэргүүцдэг хүмүүс бий. Ингэхээр мэдээ, нийтлэлдээ шигтгэх байдлаар хүргэж болох юм. Жишээлбэл, спортын үйл явдлын тухай сэтгүүл зүйн бүтээл туурвихдаа хоол хүнсний хаягдлыг хэрхэн ангилж хаядаг, тамирчид ямар тээврийн хэрэгслээр зорчдог, уралдаан тэмцээн болж буй барилга байгууламж ямар материалаар бүтсэн, спортын наадам хэр хэмжээний сэргээгдэх эрчим хүч ашигладаг зэргээр дамжуулж болно. Энэ нь тойруу боловч оносон утгаар уур амьсгалын өөрчлөлтийг хөндөж байгаа хэрэг юм. Нөгөө талаас 2021 оны Зуны олимпын үеэр хэт халалтын улмаас газрын теннисийг зохион байгуулах цагийг өөрчилж байсан. Үүнийг уур амьсгалын өөрчлөлт спортод хүртэл нөлөөлж байна гэсэн байдлаар тайлбарлаж болох юм.
ӨӨРЧЛӨЛТ ЭХЭЛЧИХСЭН
Ирээдүйд болох юм шиг өөрчлөлт үнэндээ одоо болж байгаа. Финланд бараг л дөрвөн улирлын турш цастай байдаг орон. Гэтэл зуны спортоор хичээллэж болохоор болсон гэж хошигнох болсон. Нэг талаар хошигнол мэт боловч нөгөө талаар уур амьсгалын өөрчлөлт явагдаж байна гэдгийг хэлж байна.
ОРОН НУТГИЙН СЭТГҮҮЛЧ
Германы зарим иргэд манайх жижигхэн орон учраас дэлхийн хэмжээнд нөлөөлж чадахгүй гэдэг. Үнэндээ Герман бол том улс. Гэтэл ийм том улсын иргэдийн хувьд ингэж ярьдаг. Тэгэхээр аль ч улсын орон нутгийн сэтгүүлч хүртэл бидэнд хамаагүй гэж бодож болох юм. Иймээс орон нутаг өөрөө алхам хийж уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг шууд оролцоотой байж болно гэсэн байдлаар нийтлэлийн агуулгыг тодорхойлж болно.
ЦАГ УУРЫН АЮУЛТ ҮЗЭГДЛИЙН ДАВТАМЖ ОЙРТСОН
Берлин хотын нэгэн дүүрэгт үер болж олон барилга байгууламж сүйдсэн. Харамсалтай нь тэнд үер болсныг мэдэж байгаа ч дахиад барилга байгууламж бариад эхэлсэн. Өмнө нь 60 юм уу, 600 жилд нэг удаа үер, байгалийн аюулт үзэгдэл болно гэсэн төсөөлөлтэй байдаг байсан бол одоо нөхцөл байдал өөрчлөгдсөн. Цаг агаарын таагүй байдал, уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой эрсдэл нэмэгдэж байгаа.
ХҮНИЙ СОНИРХЛЫГ ХӨНДӨХ
Хүн нэг бүр уур амьсгалын өөрчлөлтийг сонирхох шаардлагагүй. Гэхдээ сонирхлыг татахын тулд тухайн хүний сэтгэлд хүрэх ямар нэг асуудал руу хандаж болдог. Хүний эрүүл мэнд, хүний эрх, ханган нийлүүлэлтийн сүлжээ, шударга ёс, нийгэм, эдийн засаг, ус, хүрээлэн буй орчин, хувь хүний асуудлыг хөндөж сэтгүүл зүйн бүтээлийг тухайн хүнд хүргэж болох юм.
БАРИМТЫГ СЭТГЭЛ ХӨДЛӨЛТЭЙ УЯХ
Уур амьсгалын өөрчлөлт гэдгийг хаа нэг газар үер буужээ, ган болжээ, ой мод шатжээ эсвэл ач, зээ нарын үзэх зүйл гэсэн байдлаар ханддаг. Иймд цаг хугацаа, орон зайн хувьд ойрхон байдлаар мэдээлэх нь илүү хүрнэ. Ган боллоо гэхэд үндэсний үйлдвэрлэлд нөлөөлнө, ингэснээр лангуун дээрх хүнсний бүтээгдэхүүний үнэ нэмэгдэнэ гэж харуулж өгч болно. Германчуудын хувьд нэг ширхэг мод үрэгдэнэ гэдэг нь том үйл явдал болдог. Тиймээс аль болох хүний сэтгэл хөдөлгөх үйл явдалтай нь уялдуулаарай. Тухайлбал, зуны халуун өдрүүдийн тоо нэмэгдэж байгаа нь настай хүмүүст аюул учруулна гэж тэднийг халамжилсан өнгө аястай хүргэж болох юм. Хаа нэг газар шуурга боллоо гэхэд уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой зангидаж өгөх байдлаар мэдээ бэлтгэж болно.
ЕРТӨНЦИЙГ ҮЗЭХ ҮЗЭЛ
Хүн шинэ мэдээллийг хүлээж авахдаа өөрийн ертөнцийг үзэх үзэлд тулгуурладаг. Өөрөөр хэлбэл санал нийлж байгаа зүйлээ хүлээж аваад бусдыг нь түлхдэг. Жишээ нь миний хувьд уур амьсгалын өөрчлөлтийн тухай америк сэтгүүлчийн бичсэн нийтлэлийг уншихдаа америкчууд сэтгэл хөдлөл өндөртэй учраас ингэж бичжээ гэж хүлээж авч байсан. Дараа нь сэдэвтэй холбоотой ном уншиж байхад уур амьсгалын өөрчлөлт гэдэг гайгүй л юм байна шүү дээ гэсэн дүгнэлтэд хүрч байсан юм. Энэ нь хүний сэтгэл зүй хамгаалсан мэдээллийг цуглуулж авдагтай холбоотой. Хамгаалсан төрлийн мэдээллийг хүн зөв гэж итгэх гээд байдаг. Энэ нь нэг төрлийн гажуудал. Яагаад гэхээр баримтыг үгүйсгэж байгаа юм. Нөгөө талаас хүмүүс бусдыгаа дагах хандлагатай байдаг. Ингэхээр хүн бодит баримтад түшиглэхээс илүү нийгмийн харилцаа, эргэн тойрны хариу үйлдлийг харж өөрийнхөө үнэлгээг гаргадаг. Уур амьсгалын өөрчлөлт гэсэн сэдэвт ийм байдлаар хандаж байгаа нь ажиглагддаг.
ШИЙДЛИЙН СЭТГҮҮЛ ЗҮЙ
Бид уур амьсгалын мэдээллийг хүлээж авна, авахгүй гэсэн дотоод тэмцэлтэйгээр хүмүүст мэдээллийг хүргэх гээд байгаа юм. Тэгэхээр үр дүнтэй байдлаар хүргэх хэрэгтэй болж байна. Үүний тулд бодит байдал ийм байна гэдгийг харуулах, дараа нь 10, 30, 50 жилийн дараа ноцтой байдалд хүрнэ. Хэрэв арга хэмжээ авч чадвал 10, 30, 50 жилийн дараа үр дүнд хүрэх боломжтой гэж ойлгуулах болж байна. Эс бөгөөс айлгасан мэдээлэл дамжуулсан тохиолдолд уншигчид буугаад өгнө. Нөгөө талаас хямрал ойртчихсон гэснээ арга хэмжээ авсны дараа сайн сайхан үр дүнд хүрнэ гэвэл хүмүүс эргэлзсэн байдлаар хандаж магадгүй. Эсвэл нэгэнт сайхан болчих юм бол миний хэрэг байна уу гэж хүлээж авч болно. Нөгөөтээгүүр зөвхөн ирээдүйн талаар бичсэн тохиолдолд өнөөгийн байдлаас алслагдсан зүйл болж хувирна. Иймээс аль нэг талыг хэт анхаарч үзэлгүй тэнцвэртэй байдлыг хангаж, ямар шийдэл байгааг харуулсан сэтгүүл зүйн бүтээл гаргах хэрэгтэй.
Германы хойд нутгийн ой дундах үхсэн моднууд: Эх сурвалж: Сарагийн блог
Бид аль хэдийн уур амьсгалын хямралд орчихсон гэдгээ ойлгохгүй байна.
Хүн төрөлхтний дасан зохицох чадвар аж үйлдвэрийн өмнөх үеэс цельсийн 2 хэмээс хэтрүүлбэл амьдрахад “үхлийн” аюултай болно. Одоо 1.5 хэм байгаа. Тиймээс энэ төрлийн ойлголтыг боловсролоор дамжуулан багаас нь олгох нь чухал болж байна.
Далайн усны хүчилтөрөгчийг био химийн урсгал гэдэг зүйл багасгаж байдаг. Энэ нь ХАА, МАА-д хэрэглэдэг бордооноос үүдэлтэй. Хэрэглэсэн бордоог усаар цэвэрлэж, тэр нь явсаар далай руу цутгадаг. Бордоонд агуулагддаг азот, фосфор нь усан дахь хүчилтөрөгчийг багасгаж, амьтан, ургамлын амьдрах орчныг бууруулдаг.
Хойд, Өмнөд туйлын мөсний хайлах үйл явцад анхаарал хандуулах шаардлагатай. Учир нь цас нарны цацрагийн ойлгогч болдог. Хэрэв ойлгогч хайлж багассаар байвал далайн хэмжээ нэмэгдэнэ. Далайн өнгө нь гүн бараан өнгөтэй. Ийм өнгөтэй талбай нэмэгдсээр байвал тэр хэмжээгээр туйлуудын хайлах явц хурдасна. Яваандаа хүн төрөлхтөн, амьтан, ургамлыг бий болгосон дэлхийн эко систем эргэн сэргээж чадахгүйгээр эвдэгдэх юм.
Уур амьсгалын өөрчлөлт аль ч салбарт их, бага хэмжээгээр хөндөгддөг. Иймээс зарим талаас уур амьсгалын өөрчлөлтийг хэмжээс гэж үзэж болно.