Мэдээ мэдээлэл

Blog

Эрдэс баялгийн салбарт 11,000 орчим эмэгтэйчүүд ажиллаж байна

2-05-2024, 16:11
Уул уурхайн салбарын эмэгтэйчүүдийн дуу хоолойг олон нийтэд хүргэх, тулгамдаж буй асуудлыг тодорхойлох, хөдөлмөр эрхлэлт болон нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн “Эрдэс баялаг-эмэгтэйчүүд” дөрөв дэх удаагийн чуулган Өмнөговь аймгийн Даланзадгад хотноо дөрөвдүгээр сарын 28-ны өдөр болж өнгөрлөө. “Хүртээмжтэй уул уурхайн хөгжилд бидний оролцоо” сэдвийн хүрээнд өрнөсөн дөрөвдүгээр чуулганд эрдэс баялгийн салбарт үйл ажиллагаа явуулдаг 20 гаруй компанийн эмэгтэй ажиллагсад, уурхайчдын гэр бүлийн 334 эмэгтэй оролцсон юм.
Чуулганыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Өмнөговь аймгийн ЗДТГ, Эрдэс баялаг эмэгтэйчүүдийн холбоо НҮТББ, Уул уурхай, ашигт малтмалын салбарын эмэгтэйчүүдийн холбоо, Монголын геологич эмэгтэйчүүдийн холбоо, Монголын тогтвортой хөгжил, нийгмийн хариуцлагын зөвлөл ТББ зэрэг байгууллага хамтран зохион байгуулав.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд Б.Уянга, Жендэрийн үндэсний хорооны ажлын албаны дарга Т.Энхбаяр, Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж, “Оюу толгой” ХХК-ийн Орон нутгийн харилцааны ерөнхий менежер Г.Сугар нар чуулганд оролцогчдод мэндчилгээ дэвшүүлж, мэдээлэл өглөө.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд Б.Уянга илтгэлдээ “Эрдэс баялгийн салбар дотоодын нийт бүтээгдэхүүний 27 хувийг бүрдүүлж, гадаадын шууд хөрөнгө оруулалтын 77 хувийг эзэлдэг. Монгол Улсын хэмжээнд 67,000 хүн уул уурхайн салбарт ажиллаж байгаа бөгөөд нийт ажиллагсадын 16 орчим хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Энэ нь Аргентин, Бразил, Колумб, Чили улстай харьцуулахад харьцангуй өндөр үзүүлэлт боловч Швед, Канад, Гана улсын жишээн дээр авч үзвэл тийм ч сайнгүй үзүүлэлт юм. Мөн ажиллах хүчний тэнцвэрт байдлыг хадгалж эрэгтэй эмэгтэй хүмүүс хамтдаа ажилласнаар ажлын бүтээмж нэмэгддэгийг зарим судалгаанаас харж болох”-ыг дурдаж байв.
“Оюутолгой” ХХК-ийн Орон нутаг хариуцсан ерөнхий менежер Г.Сугар “Оюутолгойн нийт ажиллагсадын 97.3 хувийг монгол иргэн бүрдүүлдэг бол 23.5 хувийг эмэгтэйчүүд эзэлдэг. Тиймээс ойрын хугацаанд 30 хувь, урт хугацаандаа 50 хувьд хүргэхийг зорьж байна. Ахлах болон удирдах ажилтны түвшинд 40 хувь нь эмэгтэйчүүд ажиллаж байна. Инженер техникийн ажилтны сургалт, Ханбогд суман дахь сургалтын төвдөө эмэгтэйчүүдийн оролцоог нэмэх зорилт тавин ажиллаж байна” хэмээсэн юм. Мөн “Оюутолгой” ХХК нь Ялгаварлан гадуурхах, бэлгийн дарамт учруулах, дээрэлхэх явдлыг үл тэвчих бодлого, Ажлын уян хатан зохицуулалтын журам, Жирэмсэн эмэгтэйн хөдөлмөр эрхлэлтийг зохицуулах удирдамж, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх удирдамж, Аавын цалинтай чөлөө зэрэг ажлын байрны таатай нөхцөл байдлыг бий болгох дүрэм журмуудыг хэрэгжүүлдэг талаар танилцуулсан юм.
Чуулганд оролцогч зочдын дотроос нэгэн эрхмийг онцолмоор байна. “Даян Контракт Майнинг” ХХК-ийн уурхайн ахлах мэргэжилтэн Д.Батбаяр бол эмэгтэйчүүдийн чуулганд ач холбогдол өгч, бусдын сайн туршлагыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэхээр зорьж ирсэн цөөн эрчүүдийн нэг. “Даян Контракт Майнинг” 2016 оноос эмэгтэй ажиллагсадыг ажиллуулж эхэлжээ. Анхандаа эмэгтэй ажиллагсадаао уурхайд юу хийлгэх, яаж ажиллуулах, нэр хүндийг нь хэрхэн өсгөх вэ гэдэг асуудал толгойн өвчин болсон төдийгүй эмэгтэйчүүд халшраад нэг их удаан ажиллахгүй байх гэж таамаглаж байжээ. Станцаар анх удаа эмэгтэй хүний хоолой сонсоод уурхайгаараа шоконд орж байснаа ч нуусангүй. Гэтэл бүсгүйчүүд орж ирснээр уурхайн соёл асар өөр болж, нэг ч эмэгтэй ажилтан тоног төхөөрөмжөө эвдсэн тохиолдол гарч байгаагүй бөгөөд эмэгтэй оператортай машины кабин зүйрлэвэл унтлагын өрөө шиг нь цэмцгэр гоё байдаг хэмээн ярилаа.
“Эрдэс баялаг-эмэгтэйчүүд” чуулганыг анх 2018 онд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын дэмжлэгтэйгээр, 2019 онд Улаанбаатар хотноо Төрийн ордонд “Хамтын хүч хөгжлийн гарц” уриан дор, 2021 онд “Эмэгтэйчүүд хариуцлагатай уул уурхайг манлайлах нь” сэдвийн хүрээнд цахимаар тус тус зохион байгуулж байжээ. Өмнөх чуулгануудын үр дүнд гарсан нэгэн томоохон өөрчлөлт шийдвэр бол уурхайн ажилчдын амрах, ажиллах хугацааг 14/14 хоног болгосон явдал юм.
Чуулганы хоёрдугаар хэсэг болох “Нээлттэй микрофон” үйл ажиллагааны үеэр уурхайчдын гэр бүлийн төлөөллөөс уурхайн тоосжилт эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж буйг судалж, бууруулах, ажлын байрны нөхцөлийг харгалзан уурхайчин эрчүүдийн тэтгэврийн насанд өөрчлөлт оруулах боломжийг эрэлхийлэх, говийн бүсийн усны асуудалд анхаарал хандуулах, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ажилтнуудыг орон нутагт суурьшуулах бодлогоор барьж эхлүүлсэн ажилчдын орон сууцны асуудал зэргийг хөндлөө.
Харин уурхайчин эмэгтэйчүүдийн хувьд залуучуудын тогтвортой хөдөлмөр эрхлэлтийг дэмжих ямар бодлого баримталж буйг, НДШ төлөлт өндөр ч нийгмийн халамж, хамгааллаас авах дэмжлэг, үйлчилгээ сул байгааг, гадаад ажилтнууд гурав дахин өндөр цалин авдаг тэгвэл чадамжид суурилсан цалин хөлсний тогтолцоог хэрэгжүүлэх боломжтой эсэхээс гадна удирдлагын түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх талаар салбарын хөдөлмөр эрхлэлтийн асуудалд түлхүү анхаарал хандуулж байв.
Үүний дараа Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд Б.Уянга “Монгол Улсын нийт нутаг дэвсгэр дэх газрын доорх усны судалгааг ердөө 15 хувьд нь хийсэн. Бүрэн эрхийнхээ хугацаанд газрын доорх усны судалгааг хийлгэхэд түлхүү анхаарч, судалгаа шинжилгээтэй мэдээллийг авсны дараа шаардлагатай арга хэмжээг авч ажиллана. Тогтолцоо, нийгмийн хамгаалал, хууль эрх зүйн бусад асуудлуудыг нэгтгэн боловсруулж Эрдэс баялаг эмэгтэйчүүдийн холбооноос албан ёсоор шийдвэр гаргагчдад хүргэх, шийдвэр гаргалтад нөлөөлөх зэрэгт хамтдаа лобби хийх нь хамгийн чухал” хэмээн байр сууриа илэрхийллээ.
Мөн эдгээр асуудлыг сайжруулахын төлөөх бүхий л үйл ажиллагаанд мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэн хамтарч ажиллах боломж бүрэн дүүрэн нээлттэйг Жендэрийн үндэсний хорооны ажлын албаны дарга Т.Энхбаяр хэлсэн юм.
Хэлэлцүүлэг, нээлттэй микрофон, асуулт хариултын төгсгөлд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ өөрсдийн сайн туршлагаа хуваалцсан. Үйлдвэрийн 7,200 орчим ажилчдынх нь 34 хувийг эмэгтэйчүүд эзэлж буй нь манай улсын хамгийн өндөр үзүүлэлт аж. Ажилчдынхаа ээлжийн амралтад зориулж 400,000 төгрөг нэмэлтээр өгч, хүүхдүүдийг нь орос сургуульд үнэгүй сургаж, нэг хүүхдийг нь их, дээд сургуульд элсэхэд 700,000 төгрөгийн тэтгэлгээр урамшуулдаг байна. Мөн ажилчдынхаа нийгмийн асуудалд анхаарч урьдчилан сэргийлэх үзлэгт жилд 8 тэрбум төгрөг зарцуулж, 07:30-20:30 цагийн хооронд цэцэрлэг ажиллуулдаг гэнэ. Түүнчлэн Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 76 дугаар тогтоолын дагуу хүнд хортой нөхцөлөөр тэтгэвэрт гаргах жагсаалтад таван ажлын байрыг шинээр оруулж чадсан байна.

скачать dle 12.0