Мэдээ мэдээлэл

Blog

Даланзадгадын оюутан залуус “Ирээдүйн инженер” хэлэлцүүлэгт оролцлоо

30-04-2024, 09:00
Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Монголын уул уурхайн үндэсний ассоциац, ШУТИС-ийн Өмнөговь аймаг дахь Технологийн дээд сургууль, Монголын тогтвортой хөгжил, нийгмийн хариуцлагын зөвлөл хамтран 2024 оны дөрөвдүгээр сарын 27-ны өдөр Даланзадгад хотноо “Ирээдүйн инженер” хэлэлцүүлэг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт Даланзадгад хотын ЕБС-ийн ахлах ангийн сурагчид, ШУТИС-ийн Өмнөговь аймаг дахь Технологийн дээд сургууль, Политехникийн коллежид суралцдаг 150 гаруй оюутан залуус хамрагдсан юм.
Хэлэлцүүлгийн зочин илтгэгчээр Уул уурхай, хүнд үйлдвэрийн Дэд сайд, Харвардын их сургуулийн доктор Б.Уянга, Монголын Уул уурхайн Үндэсний ассоциацын Гүйцэтгэх захирал Г.Эрдэнэтуяа, “Оюутолгой” ХХК-ийн сургалтын инженер Ч.Давааням нар оролцож, ирээдүйд болон одоо эрэлттэй байгаа мэргэжлүүд, мэргэжлээр ажиллах боломж, тэтгэлэгт хөтөлбөрүүдийн талаар мэдээлэл хүргэж, оюутан сурагчидтай нээлттэй ярилцсан.

Хэлэлцүүлгийн зочин илтгэгч, Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд, Харвардын их сургуулийн доктор Б.Уянга эрдэс баялгийн салбар Монгол Улсын эдийн засгийн 30 хувийг бүрдүүлдэг төдийгүй нийт экспортын бүтээгдэхүүний 92 хувийг уул уурхайн бүтээгдэхүүн эзэлдгийг илтгэлдээ онцолсон. Эрдэс баялгийн салбарт техник технологийн дэвшил хурдсахын хамт хариуцлагатай байдал уур уурхайн үйл ажиллагааны бүхий л түвшинд үүрэгжиж байна. Мөн ногоон эрчим хүч рүү шилжихэд шаардлагатай элементүүдийг эрж хайх, олборлох хэтийн төлөвтэй байгааг Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд Б.Уянга илтгэлдээ танилцуулсан.

“Ирээдүйн инженер” хөтөлбөрийг Монголын уул уурхайн үндэсний ассоциаци санаачилсан бөгөөд уул уурхайн салбарын хурдацтай хөгжлийг дагаад шинээр бий болж эрэлт нь улам бүр нэмэгдэж буй ажлын байруудыг сурталчлах, тухайн чиглэлээр суралцаж буй оюутнуудад тэтгэлэг олгох зорилготойгоор хоёр жилийн өмнөөс эхлүүлжээ. Нэг жишээ өгүүлэхэд, манай улсын нийт оюутны 1.1 хувь нь уул уурхайн инженерээр суралцдаг бол хамгийн их суралцагчтай 20 мэргэжил дунд барилгын болон цахилгааны инженер багтдаг байна. Эдгээр судалгаа, салбарынхаа чиг хандлага, эрэлтэд тулгуурлан Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн гүйцэтгэх захирал Г.Эрдэнэтуяа “Уул уурхайн салбарын боловсон хүчний эрэлт хэрэгцээ өнөөгийн болон ирээдүйн чиг хандлага” сэдэвт илтгэлээ танилцуулсан. Тэрээр уул уурхайн салбарын нарийн мэргэжлүүдээс гадна менежмент, хууль эрх зүй, харилцаа хамтын ажиллагааны мэргэжилтнүүд уул уурхайн чиглэлээр мэргэших хэрэгцээ шаардлага байгааг хэлж байлаа. Тухайлбал, эрдэс баялгийн салбар маш олон хууль, дүрэм журмын шаардлагыг хангаж ажиллах ёстой учраас эрх зүйчид энэ салбараар мэргэших боломжтой. Мөн уул уурхайн салбарт орон нутгийн иргэд, удирдлагуудтай харилцаж үйл ажиллагаагаа танилцуулах ажил маш чухал нөлөөтэй байдаг тул олон нийт, орон нутаг, Засгийн газрын харилцаагаар мэргэшсэн мэргэжилтнүүдийн эрэлт их байна гэлээ. Үүгээр зогсохгүй уул уурхайн төсөл хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлэх суурь болсон эрчим хүчний салбарын инженерүүдээс гадна байгаль орчны инженерүүд хөдөө аж ахуй, хотжилт, уул уурхай, дэд бүтэц гэх мэтээр нарийн мэргэших нь Монгол Улсын хөгжилд төдийгүй, мэргэжилтнүүдийн аж амьдрал, хувийн эдийн засагт чухал нөлөө үзүүлэхийг тэрээр танилцуулгадаа хөндсөн юм.

“Оюутолгой” ХХК 2010 оноос хойш оюутан сурагчдад зориулсан зургаан хөтөлбөрийг хэрэгжүүлж иржээ. Эдгээр хөтөлбөр ЕБС-ийн ахлах ангийн сурагчийг, дадлагажигч оюутныг, их сургуулийн шинэхэн төгсөгчийг шууд ажлын байранд гарахад бэлэн болтол “халамжилдаг” тухай “Оюутолгой” ХХК-ийн сургалтын инженер Ч.Давааням танилцуулсан. Шинэ төгсөгчийн хөтөлбөрт 203 шинэ төгсөгч хамрагдаад буй бөгөөд үүний 97 хувь нь “Оюутолгой” ХХК болон “Рио Тинто” компанид үндсэн ажилтнаар үлдэж чадсан байна. Ирэх тавдугаар сард гурав, дөрөвдүгээр курсийн оюутнуудад зориулсан “Оюутны дадлагын хөтөлбөр” зарлагдах тул https://www.ot.mn/ вебсайтаар мэдээлэл авахыг зөвлөлөө.

Гурван илтгэгчийн танилцуулгын дараа бүтэн цагийн турш хэлэлцүүлэг өрнөсөн. Ахлах ангийн сурагчид мэдээллийн технологи уул уурхайн салбартай хэрхэн уялдах, уул уурхайн чиглэлээр хамгийн сайн сургалттай гадны их дээд сургуулийн мэдээлэл, 2030 онд хиймэл оюуны чиглэлээр суралцаад төгсөхөд уул уурхайд ажлын байр бий болсон байх эсэх зэргийг сонирхож байна. Уул уурхайн чиглэлээр суралцдаг оюутнууд Ховд аймгийн Халзан бүргэдэй шиг ордыг монгол хүүхдүүд дотооддоо мэргэжил эзэмшээд өөрсдөө удирдаад Оюутолгой, Тавантолгой шиг амжилттай ажиллуулахын тулд одооноос хэрхэн бэлтгэх хэрэгтэйг, салбарын Дэд сайдыг бүрэн эрхийн хугацаандаа юунд анхаарч ажиллахыг хүртэл асууж байв.

Хэлэлцүүлэгт “Энержи ресурс”, “Терра Энержи” зэрэг компани оролцож, мэдээлэл танилцуулгуудаа дэлгэсэн байлаа. Мөн Оюутолгойн “Явуулын автобус” ШУТИС-ийн гадна талбайд ирж, сонирхсон сурагч, оюутнуудад үйлчиллээ.


скачать dle 12.0