Мэдээ мэдээлэл

Blog

“Эрдэс баялаг-Эмэгтэйчүүд” үндэсний IV чуулга уулзалт Даланзадгадад

15-04-2024, 09:22
“Эрдэс баялаг-Эмэгтэйчүүд” үндэсний IV чуулга уулзалт энэ оны дөрөвдүгээр сарын 28-ны өдөр Өмнөговь аймагт болох гэж байна. Чуулга уулзалт нь “Хүртээмжтэй уул уурхайн хөгжилд бидний оролцоо” сэдвийн хүрээнд болох бөгөөд уул уурхайн салбарт ажиллагсадын гэр бүлийн эмэгтэйчүүд хэлэлцүүлэг өрнүүлэх гэж буйгаараа онцлог юм.
Уул уурхайн гол бүс нутаг Өмнөговь аймгийн Даланзадгад хотноо болох чуулга уулзалтыг уг чуулганыг анх санаачилсан “Эрдэс баялаг эмэгтэйчүүдийн холбоо” НҮТББ зохион байгуулж, Уул уурхай хүнд үйлдвэрийн яам, Өмнөговь аймгийн ЗДТГ, Монголын тогтвортой хөгжил, нийгмийн хариуцлагын зөвлөл (ТНЗ) ТББ, Уул уурхай ашигт малтмалын салбарын эмэгтэйчүүдийн холбоо, Монголын геологийн эмэгтэйчүүдийн холбоо зэрэг байгууллагууд дэмжин, хамтарч ажиллаж байна. ТНЗ нь Монголын уул уурхайн салбар дахь жендэрийн тэгш байдалд хувь нэмрээ оруулахыг зорьж, энэ чиглэлийн судалгаа, сурталчилгааны ажилд үйл ажиллагаагаа чиглүүлж ирсэн бөгөөд энэ хүрээнд “Эрдэс баялаг-Эмэгтэйчүүд” үндэсний IV чуулга уулзалтыг дэмжин ажиллаж байгаа юм.
ТНЗ-ийн судлаачид 2022 он “Эмэгтэйчүүд ба уул уурхайн ирээдүй” жендэрийн суурь судалгааг гүйцэтгэсэн юм. Уг судалгааг дэлхийн 9 оронд судалгааны нэг аргачлалаар хийж нэгтгэсэн бөгөөд уул уурхайн салбарын хөгжлийн хандлага, нийлүүлэлтийн сүлжээ салбар дахь эмэгтэйчүүдэд хэрхэн нөлөөлж буйг үнэлэх зорилготой байв. “Эмэгтэйчүүд ба уул уурхайн ирээдүй” судалгаа нь Монголын уул уурхайн салбар дахь жендэрийн суурь мэдээллийг 10 жилийн үзүүлэлтээр (2010-2020) нэгтгэн боловсруулснаараа ихээхэн үнэ цэнтэй. Судалгааны төслийг НҮБХХ-ийн Байгаль орчны засаглал төслөөс Засгийн газар хоорондын уул уурхай, ашигт малтмал металл ба тогтвортой хөгжлийн форум (IGF), Олон улсын хөдөлмөрийн байгууллага (ILO), Уул уурхайн салбарын олон улсын эмэгтэйчүүдийн сүлжээ (IWiM) байгууллагуудтай хамтран ТНЗ-ийн судлаачдаар гүйцэтгүүлсэн юм.
ТНЗ нь 2024 онд энэхүү судалгааны арга зүй, форматаар Монголын уул уурхайн салбар дахь жендэрийн суурь мэдээллийг 2020 оноос хойш нэгтгэн боловсруулахыг зорьж ажиллаж буйгаа энэ дашрамд дуулгая.

скачать dle 12.0