“Уул уурхай, эдийн засгийн чиглэлээр сэтгүүлчдийг чадавхжуулах хөтөлбөр 2024” эхэллээ
Монголын тогтвортой хөгжил, нийгмийн хариуцлагын зөвлөл /ТНЗ/ нийгэмд үйлчлэх ТББ нь “Уул уурхай, эдийн засгийн чиглэлээр сэтгүүлчдийг чадавхжуулах хөтөлбөр”-ийг “Оюутолгой” ХХК-ийн дэмжлэгтэйгээр эхлүүлж байна.
Эхний хөтөлбөрийг ТНЗ нь 2020-2022 онд “Оюутолгой” ХХК-тай хамтран хэрэгжүүлж, нийт 15 сэтгүүлч хамрагдаж байсан билээ.
Тэгвэл хоёр дахь хөтөлбөрт нийтдээ 10 сэтгүүлч хамрагдаж буй бөгөөд нийт 4 сарын хугацаанд үргэлжлэх бөгөөд 5 удаагийн суралцах, туршлага солилцох арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөөд байна. Төслийг хэрэгжүүлэгч ТНЗ нь хоёр дахь удаагийн хөтөлбөрийг нээлттэй зарлаж, сонирхсон сэтгүүлчдээс тодорхой шалгуурыг хангасан 10 сэтгүүлчийг сонгон хөтөлбөрт хамруулж байна.
Lemonpress.mn, ikon.mn, dobu.mn, gogo.mn, itoim.mn, unuudur.mn сайтууд болон Mining Insight сэтгүүл, “Зууны мэдээ” сонин, NTV, Eagle телевизийн 10 сэтгүүлч нэгдүгээр сарын 11-12-ны өдрүүдэд эхний шатны сургалтад хамрагдаад байна. Уул уурхайн салбарын олон улсын чиг хандлага, геополитик ба Монголын ирээдүй, Эрчим хүчний шилжилт ба чухал ашигт малтмал, түүний нийлүүлэлтийн сүлжээ гэсэн үндсэн сэдвийн хүрээнд ирээдүйн чиг хандлагын талаарх мэдлэг, мэдээллийг хуваалцсан уг семинарын дараа сэтгүүлчид суралцсан мэдлэг ойлголтдоо үндэслэн нийтлэл, нэвтрүүлэг хийснээр дараагийн шатанд хамрагдах юм. Хөтөлбөрийн хоёр дахь үе шатанд “Уур амьсгалын өөрчлөлтийн сэтгүүл зүй” сэдэвт цахим сургалтыг Германы сэтгүүлч, сургагч багш Сара Шурманн удирдан явуулна. Гурав дахь шатанд сэтгүүлчид Оюутолгойн уурхайтай танилцах аялал хийх бөгөөд энэ шатнаас шалгарсан сэтгүүлчдэд өндөр хөгжилтэй орны уул уурхайн салбарын хөгжил, уурхайн үйл ажиллагаа, нийгэм, эдийн засагт нөлөөлөх байдалтай бодитоор танилцах боломжийг олгох юм. Улмаар бусдын туршлага, хөгжлийн хандлагыг Монголынхоо нөхцөл байдалтай харьцуулан сэтгүүл зүйн ажлаа бэлтгэх үе шаттайгаар хөтөлбөр хэрэгжинэ.
Хөтөлбөрийн төгсгөлд сургалтын үр дүнг үнэлэх арга хэмжээ зохион байгуулах ба сэтгүүлчид өөрсдийн очсон орноос ажигласан туршлага, мэдлэг ойлголтоо хуваалцсан хэлэлцүүлэг зохион байгуулж, сэтгүүлчдийн ажлаар цахим эмхэтгэл гаргана.