ТНЗ нь Mining Week 2023-д 3 суманд хэрэгжүүлсэн төслийн үр дүнгээ танилцуулав

ТНЗ-ийн Удирдах зөвлөлийн дарга, судлаач О.Батболд “Сайн засаглал: Иргэдийн оролцоо ба хариуцлага” сэдэвт илтгэлээрээ дамжуулан төслийн сонирхолтой үр дүнгүүдээс хуваалцсан. Тэрээр илтгэлдээ, сайн засаглалын нэг чухал бүрэлдэхүүн хэсэг бол иргэдийн оролцоо. Уул уурхайн салбарт тулгамдаж буй нийгмийн зөвшөөрөлгүй байдлын суурь шалтгааны нэг нь тэрхүү оролцоо хангагдахгүй явж ирсэн байдал гэсэн дүгнэлтээ 3 сумын жишээнд үндэслэж тайлбарласан.
Геологи, уул уурхайн салбарын тулгамдсан асуудлын нэг болох орон нутгийн харилцаа, хамтын ажиллагаанд чиглэсэн төслийг Булган аймгийн Бүрэгхангай, Дорноговь аймгийн Алтанширээ, Дундговь аймгийн Хулд суманд 2023 оны эхний хагас жилд хэрэгжүүлсэн юм. Уг төслийг УУХҮЯ болон АМЕП 2 хөтөлбөрөөс санаачилж, ТНЗ болон Майнинг Инсайт сэтгүүл хамтран гүйцэтгэсэн билээ.
Төслийн багаас 3 суманд хийсэн судалгааны үр дүнд тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниудын зүгээс иргэд рүү чиглэсэн нээлттэй харилцаа дутмаг, орон нутаг дахь хамтын ажиллагаанд иргэдийн оролцоо хангалтгүй байна. Нөгөө талаасаа орон нутгийн иргэдийг бодит мэдээллээр хангах, геологи, уул уурхайг танин мэдүүлэх хэрэгцээ шаардлага тулгамдаж байна гэж гарсан юм. Өөрөөр хэлбэл, иргэдийн уул уурхайд итгэх итгэлийг сулруулахад нөлөөлж буй гол хүчин зүйл нь тэдний мэдээлэлгүй, оролцоогүй байдал бөгөөд компаниуд энэ чиглэлд дутмаг анхаарч байгааг судалгааны үр дүн харуулсан.
Иймээс төслийн баг 3 суманд нээлттэй өдөрлөг зохион байгуулж туршсан юм. Өдөрлөгийг иргэдийн идэвхтэй оролцоонд тулгуурлан зохион байгуулахдаа шинжлэх ухааны хялбаршуулсан туршилтуудаар салбарын талаарх бодит ойлголт, мэдээллийг хүргэсэн билээ. Өдөрлөгийн дараах судалгаагаар тухайн сумдад уул уурхайн салбарын талаарх иргэдийн мэдлэг ойлголт нэмэгдсэн төдийгүй дэмжихгүй, оролцохгүй гэсэн сөрөг хандлага ихээхэн буурсан эерэг үр дүн гарсан юм.
Тиймээс төслийн багаас 3 суманд үйл ажиллагаа явуулж буй геологи, уул уурхайн компаниудын зүгээс орон нутгийн иргэд, төр захиргааны байгууллага, иргэний нийгмийн байгууллагуудтай харилцан итгэлцэл, нээлттэй ил тод байдал, нэгдмэл сонирхолд үндэслэсэн тогтвортой харилцаа бий болгохын тулд сонирхогч талуудыг татан оролцуулах байдлаар оролцоог сайжруулах хэрэгтэй гэсэн зөвлөмж гаргаад байна.