Хулд сумын иргэд геологи уул уурхайн өртөөчилсөн аялалд оролцов
УУХҮЯ, AMEP-2 хөтөлбөрийн хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжиж буй “Эрдэс баялгийн салбарын үнэ цэн, өгөөжийг нэмэгдүүлэх нь” төслийн дагуу Монголын тогтвортой хөгжил, нийгмийн хариуцлагын зөвлөл ТББ болон Майнинг Инсайт сэтгүүлийн баг Дорноговь аймгийн Алтанширээ, Дундговь аймгийн Хулд, Булган аймгийн Бүрэгхангай суманд судалгаа хийсэн. Энэхүү ажлын үргэлжлэл болгож орон нутгийн иргэдэд эрдэс баялгийн салбарын зөвөөр ойлгуулах, мэдлэг мэдээллийг энгийнээр, ойлгомжтой, хүртээмжтэй хүргэх зорилгоор “Геологи уул уурхайн талаарх танин мэдэхүйн аялал” өдөрлөгийг дурдсан 3 суманд зохион байгуулж байгаа юм. Дундговь аймгийн Хулд суманд (2023.05.18) болсон өдөрлөгийг Хулд сумын Засаг дарга П.Бямбалхагва, Австралийн Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кэйти Смит, AMEP-2 хөтөлбөрийн Багийн ахлагч Рена Гүэндүэз, Монголын тогтвортой хөгжил, нийгмийн хариуцлагын зөвлөл ТББ-ын Гүйцэтгэх захирал Н.Ариунтуяа нар нээж, үг хэллээ.
Австралийн Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кэйти Смит “Монгол, Австрали Улс нь газар зүйн байршлын хувьд алслагдмал оршдог хэдий ч эрдэс баялгийн чиглэлээр адил зүйлс их. Хоёр орны эдийн засагт чухал үүрэг гүйцэтгэдэг уул уурхайн салбарыг дагаад ажлын байр, үйлдвэрлэлийн бүтээмж, хөрөнгө оруулалт нэмэгддэг давуу талтай. Монгол Улсын гуравдагч хөрш орны хувьд Австрали нь хоёр улсын хамтын ажиллагааны хөтөлбөрөөр дамжуулан Монголын эрдэс баялгийн салбарыг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулж буйд баяртай байна. AMEP хөтөлбөр нь юуны түрүүнд эрдэс баялгийн нөөцөд тулгуурласан өсөлтийг тогтвортой удирдахын тулд Австралийн туршлагыг ашиглахад Монголд туслалцаа, дэмжлэг үзүүлэх зорилготой. Мөн тус салбарын засаглалыг бэхжүүлэх, ил тод, тогтвортой хөрөнгө оруулалтын орчныг бүрдүүлэх, хувийн хэвшлийн өсөлт, эдийн засгийн шинэчлэлээр дамжуулан Монгол Улсад хөрөнгө оруулалтын таатай орчин бүрдүүлэхэд тусалж байна. Дундговь аймгийн Хулд суманд өнөөдөр зохион байгуулж байгаа “Геологи уул уурхайн талаарх танин мэдэхүйн аялал” өдөрлөг нь хоёр улсын хамтын ажиллагааны нэг хэсэг юм” гэдгийг тодотгов.
АМЕP-2 хөтөлбөрийн Багийн ахлагч Рена Гүэндүэз “Анх 2015 онд хэрэгжиж эхэлсэн хөтөлбөрийн 2 дахь үе шат буюу AMEP -2 нь Монгол Улсын Засгийн газар, иргэний нийгмийн байгууллагууд, компаниуд гэх мэт эрдэс баялгийн салбарын бүхий л оролцогч талуудтай хамтран ажиллаж байна. Энэхүү хамтын ажиллагаагаар Монголын уул уурхайн салбарт ил тод, орон нутгийн иргэдийн оролцоонд тулгуурласан, байгаль орчныг харгалзсан хөрөнгө оруулалтын орчныг бүрдүүлэхэд бидний үйл ажиллагаа чиглэж ирсэн” хэмээн хэллээ.
Монголын тогтвортой хөгжил, нийгмийн хариуцлагын зөвлөл ТББ-ын Гүйцэтгэх захирал Н.Ариунтуяа “Эрдэс баялгийн салбарын үнэ цэн, өгөөжийг нэмэгдүүлэх нь” төсөл 6 сарын хугацаанд хэрэгжинэ. Уг төслийн хүрээнд 3 суманд хийсэн судалгаагаар геологи, уул уурхайн компани болон орон нутгийн иргэд, малчдын хооронд нээлттэй, ил тод харилцаа дутмаг, мэдээллийн солилцоо бага байна гэсэн судалгааны дүгнэлт гарсан. Орчин цагийн уул уурхай болон уул уурхайн мөчлөгийн талаарх цэгцтэй ойлголт малчдаас эхлээд орон нутгийн төрийн удирдлагууд, аймгийн удирдлагууд, аймгийн төв дэх иргэний нийгэм, хэвлэл мэдээлэл хүртэл бүхий л түвшинд байхгүй тул мэдээллийн зөрүүтэй байдлыг багасгахад хувь нэмрээ оруулах үүднээс “Геологи, уул уурхайг танин мэдэх аялал” зохион байгуулж байгаа”-г онцоллоо.
Өдөрлөгт Хулд суманд уул уурхайн тусгай зөвшөөрөл эзэмшигч “Иннова минералс”, “Арвин олдохын жандмань” зэрэг компанийн төлөөлөл оролцов.
Нээлтийн дараагаар нутгийн иргэд, албан хаагчид, малчид “Геологи, уул уурхайн талаарх танин мэдэхүйн аялал”-даа гарч “Өртөө 1: Ойлгоё, мэдье!”, “Өртөө 2: Туршилт хийцгээе!”, “Өртөө 3: Эд юмс юунаас үүсдэг вэ?”, “Өртөө 4: Хамтдаа хяная!”, “Өртөө 5: Мэдлэгээ баталгаажуулъя!” гэсэн 5 өртөө бүхий гэрүүдэд мэдээлэл авч, туршилтад оролцоцгоосон юм. Шат дараатайгаар уул уурхайн анхан шатны ойлголтоос эхлээд танин мэдэхүйн мэдээллээр иргэдийг мэдлэгийг бататгахыг зохион байгуулагчдын зүгээс чухалчилж, хамгийн гол нь иргэд өөрсдөө оролцож, хамтдаа туршиж, сонирхсон асуултаа хариулт авч нээлттэй ярилцах нөхцөлийг бүрдүүлсэн нь уг арга хэмжээний онцлог юм.
“Өртөө 1: Ойлгоё, мэдье!”-нд Монголын тогтвортой хөгжил, нийгмийн хариуцлагын зөвлөл ТББ-ын Гүйцэтгэх захирал Н.Ариунтуяа, тус байгууллагын ажилтан Д.Ууганбаяр нар VR төхөөрөмжийн тусламжтайгаар Оюутолгойн гүний уурхайгаар аялуулж, “Бидэнд ойрхон уул уурхай: Жонш” гэсэн шинжлэх ухааны хялбаршуулсан богино хэмжээний баримтат кино үзүүлж сонирхууллаа.
“Өртөө 2: Туршилт хийцгээе!”-нд геологич И.Халиунаа, Майнинг Инсайт сэтгүүлийн сэтгүүлч С.Болд-Эрдэнэ хамт Монгол орны геологийн шинжлэх ухаан, тэр дундаа ашигт малтмал талаар танилцуулж, эрдэс чулуулгийг бичил микроскопоор харах, таних боломжийг иргэдэд олгов.
“Өртөө 3: Эд юмс юунаас үүсдэг вэ?”-нд Майнинг Инсайт сэтгүүлийн сэтгүүлч Б.Мишээл, Э.Оджаргал нар олборлосон ашигт малтмал, тухайлбал алт, нүүрс, газрын тос, төмрийн хүдэр, зэс, жонш зэрэг эрдсийг хэрхэн боловсруулж, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэснээр иргэдийн ахуйд нэн хэрэгцээтэй эд зүйлсийг бүтээдэг талаар дүрс бичлэг, зурагт хуудсаар тайлбарласан.
“Өртөө 4: Хамтдаа хяная!”-нд ХОБОМ-ын мэргэжилтэн, “Гэртээ туршъя” төслийн санаачлагч Б.Алтангэрэл байгаль орчны мониторинг хийх аргачлал, туршилтыг иргэдийн оролцоотой хийж үзүүлэв.
Эхний 4 өртөөнөөс таньж мэдсэн мэдлэг ойлголтоо бататгах “Өртөө 5: Мэдлэгээ баталгаажуулъя!”-нд Иргэдийн оролцооны мэргэжилтэн, сургагч багш Ж.Чанцалдулам иргэдийг оролцуулан геологи уул уурхайн талаарх асуултад хариулах байдлаар “Мэдлэгийн зах”-Та битгий уурлаарай” хөлөгт тоглоом”-оор тоглож, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэхэд орон нутгийн иргэдийн зөв мэдлэг мэдээлэл, зүй зохистой оролцоо чухал болохыг танин мэдүүлсэн юм.
Геологи, уул уурхайн талаарх танин мэдэхүйн аяллын өртөөчилсөн энэхүү өдөрлөгт сумын удирдлага, байгаль орчны мэргэжилтэн, малчид, жижиг дунд бизнес эрхлэгч, ЕБС-ийн ахлах ангийн сурагчид нийт 180 гаруй иргэн оролцлоо.
Энэхүү өдөрлөг Монгол Улсын гавьяат жүжигчин Ш.Алтанцэцэг тэргүүтэй хошин урлагийн жүжигчдийн тоглолтоор өндөрлөсөн юм.
“Геологи уул уурхайн талаарх танин мэдэхүйн аялал” өдөрлөгийг Булган аймгийн Бүрэгхангай суманд (2023.06.05) зохион байгуулагдана.
