Мэдээ мэдээлэл

Blog

“Геологи, уул уурхайг танин мэдэх нь” нээлттэй өдөрлөг Алтанширээ суманд

11-05-2023, 12:45
Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам болон Австрали Монголын эрдэс баялгийн салбарын хамтын ажиллагааны хөтөлбөр (АМЕП 2)-өөс “Эрдэс баялгийн салбарын үнэ цэн, өгөөжийг нэмэгдүүлэх нь” төслийг хэрэгжүүлж буй билээ. Уг төслийг хэрэгжүүлэхээр сонгогдсон Монголын тогтвортой хөгжил, нийгмийн хариуцлагын зөвлөл ТББ-ын судлаачид болон Mining Insight-ийн сэтгүүлчдийн баг 5 дугаар сарын 11-ний өдөр Дорноговь аймгийн Алтанширээ суманд “Геологи, уул уурхайг танин мэдэх нь” нээлттэй өдөрлөг зохион байгуулав.
“Геологи, уул уурхайн талаарх танин мэдэхүйн аялал” өдөрлөгийг Алтанширээ сумын Засаг дарга Н.Бүрэнтэгш, Монголын тогтвортой хөгжил, нийгмийн хариуцлагын зөвлөлийн Гүйцэтгэх захирал Н.Ариунтуяа нар үг хэлж, нээв.
Иргэд өөрсдөө оролцож, хамтдаа туршиж, мэргэжилтнүүдтэй нээлттэй харилцан ярилцах нөхцөлийг бүрдүүлсэн нь энэхүү өртөөчилсөн аяллын гол онцлог байсан юм. Өртөө бүр чиглэсэн сэдэвтэй бөгөөд геологи, уул уурхай гэж юу болох талаар анхан шатны мэдээллийг өгсөн “Ойлгоё, мэдье!” Өртөө 1-ээр VR төхөөрөмжийн тусламжтайгаар виртуалаар аялуулж, Оюутолгойн ил, далд уурхайн орчинд очсон мэт, дэргэдээс нь бодит мэт харах, мэдрэх боломжийг олгосон юм.
“Өртөө 2: Туршилт хийцгээе!”-д геологич Н.Халиунаа өөрийн мэргэжлийн онцлог, эрдсийн эрэл хайгуул хийдэг багаж хэрэгслийг танилцуулж, тусгайлан бэлтгэсэн байгалийн шинжлэх ухааны эд зүйлс, ашигт малтмалын дээж болон чуулуулгуудыг микроскопоор иргэдэд үзүүлж, эрэл хайгуулын үйл ажиллагааг тайлбарласан юм.
Тэгвэл олборлосон ашигт малтмал, түүхий эдээс үйлдвэрлэдэг эцсийн бүтээгдэхүүний талаар шинжлэх ухаан танин мэдэхүйн ойлголт таниулах “Өртөө 3: Эд юмс юунаас үүсдэг вэ?”-д шүдний оо-ны найрлагад жонш ордог, цөмийн энергид суурилсан дэлхийн нээлтүүд, анагаах ухаанд ашиглагддаг цацраг идэвхт туяа, цахилгаан машинд зэс шаардлагатайгаас гадна уг металлаас ногоон, цэнхэр өнгийг гарган авдаг, нефть-химийн үйлдвэрлэлээр гоо сайхны энгэсэг, үнэртэй ус, товч, утаснаас эхлээд хуванцар эд зүйлс үйлдвэрлэдэг зэрэг сэдвүүдээр иргэдэд сонирхолтой мэдээллийг хүргэлээ.
Харин иргэдийн хамтын оролцоотой байгаль орчны мониторингийн аргачлалыг танилцуулсан “Өртөө 4: Мониторинг хийцгээе!”-д мэргэжилтэн Б.Алтангэрэл иргэдийн оролцоотойгоор агаар, ус, хөрс, ургамлын хэмжилт, туршилт хийсэн нь зочдын анхаарал, сонирхлыг ихээхэн татав.
Ийнхүү мэдээллийн 4 өртөөгөөр аялсан мэдлэг, мэдээллийг бататгах “Өртөө 5: Мэдлэгээ баталгаажуулъя!” өртөөнд иргэд “Та битгий уурлаарай” хөлөгт тоглоомын асуулт, хариултаар өрсөлдлөө.
Түүнчлэн өртөөчилсөн аялалд эцэг эхийн хамтаар ирсэн хүүхэд багачууд өнгө будаг, цаас, харандаа, баримлын шаврыг бүтээхэд ашигт малтмал ямар оролцоотой болох талаар таньж мэдсэний дараа геологи, уул уурхайн сэдэвт зураг будаж, баримлаар урлан, “Би уурхайчин” зургийн самбарт дурсамж зураг татуулав.
Геологи, уул уурхайн талаарх танин мэдэхүйн аяллын өртөөлчилсөн энэхүү өдөрлөгт сумын удирдлага, байгаль орчны мэргэжилтэн, малчид, жижиг дунд бизнес эрхлэгч, ЕБС-ийн сурагчид нийт 120 иргэн оролцлоо.
Мөн өдөр малчид, иргэд, төрийн албан хаагчид, ЕБС-ийн ахлах ангийн сурагчдыг хамруулсан Хамтын оролцоотой байгаль орчны мониторинг (ХАБОМ)-ийн ач холбогдол, хэрэгжүүлэлт, аргачлалыг танилцуулах сургалт зохион байгуулж, ХОБОМ-ийн мэргэжилтэн Б.Алтангэрэл удирдан явуулж, оролцогчдын хамт сонирхолтой туршилтууд хийсэн.
“Геологи, уул уурхайн талаарх танин мэдэхүйн аялал” өдөрлөг үргэлжлэн Дундговь аймгийн Хулд сум (2023.05.18), Булган аймгийн Бүрэгхангай (2023.06.05)суманд тус тус зохион байгуулагдах юм.
АМГТГ-ын (2023.03 сар) мэдээллээр Алтанширээ сумын нутагт дэвсгэрт ашиглалтын 15, хайгуулын 11 тусгай зөвшөөрлийг нийт 24 аж ахуйн нэгж эзэмшиж байна. Тус суманд Газрын тос боловсруулах үйлдвэр, Хар төмөрлөгийн ҮТП бүтээн байгуулагдаж буй билээ.
скачать dle 12.0