Мэдээ мэдээлэл

Blog

Иргэд хариуцлагатай уул уурхайг дэмжинэ

3-04-2023, 10:42
Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам болон Австрали Монголын эрдэс баялгийн салбарын хамтын ажиллагааны хөтөлбөр (АМЕП 2)-өөс “Эрдэс баялгийн салбарын үнэ цэн, өгөөжийг нэмэгдүүлэх нь” төслийг хэрэгжүүлж буй билээ. Уг төслийг хэрэгжүүлэхээр сонгогдсон Монголын тогтвортой хөгжил, нийгмийн хариуцлагын зөвлөлТББ-ын судлаачид болон Mining Insight-ийн сэтгүүлчдийн баг 3 дугаар сард Дорноговь аймгийн Алтанширээ, Дундговь аймгийн Хулд, Булган аймгийн Бүрэгхангай суманд судалгааны мэдээлэл цуглуулах зорилгоор ажиллав.

Судалгааны баг дээрх 3 сумын иргэдийн геологи, уул уурхайн талаарх мэдлэг ойлголт, оролцоо, хандлага, хүлээлтийг тодорхойлохын тулд энэхүү судалгааг гүйцэтгэсэн юм. Судалгааны хүрээнд сумдын иргэд, малчид, жижиг дунд үйлдвэрлэл, бизнес эрхлэгчид, нутгийн удирдлагын байгууллага, төрийн захиргааны албан хаагчид, сургуулийн сурагчид зэрэг олон талт төлөөллүүд хамрагдав. Оролцогчид геологи, уул уурхайн компаниуд, орон нутгийн иргэд, төрийн байгууллагууд хоорондын харилцаа, итгэлцэл, хамтын ажиллагаатай холбоотой асуумжбөглөж, ганцаарчилсан ярилцлага болон бүлгийн хэлэлцүүлгээр санал бодлоо чөлөөтэй илэрхийлсэн. Ялангуяа фокус бүлгийн хэлэлцүүлгээр сумын уул уурхайн түүх замнал, одоогийн нөхцөл байдал, цаашдын хүлээлт зэргээ илэн далангүй ярилцлаа. Иргэд орон нутагтай нээлттэй харилцдаггүй, хариуцлагагүй уул уурхайг дэмжихгүй гэдгээ ил тод хэлж байлаа.

Энэхүү судалгааны үр дүнд үндэслэн 5 дугаар сард 3 сум тус бүрт “Нээлттэй өдөр” зохион байгуулахаар төлөвлөөд байна. Иргэд, малчид, нутгийн захиргааны байгууллага, тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниуд нүүр тулан уулзаж, мэдээлэл солилцох боломжийг “Нээлттэй өдөр”-өөр бий болгохыг төсөл хэрэгжүүлэгчид зорьж байгаа юм. Үүний тулд уул уурхайн салбарын оролцогч болон нөлөөлөлд өртөгч бүхий л талууд тулгамдаж буй асуудлаа ярилцах, санал бодлоо илэрхийлэх,гарц шийдэл эрэлхийлэх, уул уурхайн үйл ажиллагааны шийдвэр гаргалтад орон нутаг, иргэдийн оролцоог хангах, мэдээлэлтэй байлгах нь чухал билээ.
Төслийн үр дүнд сонгогдсон сумдад хамтын ажиллагааны үр дүнтэй талбар бий болж, сайн жишиг, туршлагыг бусдадаа түгээх эхний алхам болоосой гэсэн хүлээлттэй байна.
скачать dle 12.0