Мэдээ мэдээлэл

Blog

Орон нутгийн харилцааны асуудлаар хэлэлцүүлэг хийлээ

14-02-2023, 09:00
Австрали Монголын Эрдэс баялгийн салбарын хамтын ажиллагааны хөтөлбөр (АМЕП 2), Монгол Улсын Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас хамтран “Геологи, уул уурхайн салбар дахь орон нутгийн харилцаа, хамтын ажиллагаа” сэдэвт дугуй ширээний уулзалтыг 2023 оны хоёрдугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар хотноо зохион байгууллаа.
Дугуй ширээний уулзалтад Дорноговь , Булган, Дундговь аймгуудад тусгай зөвшөөрөл эзэмшигч хайгуул, ашиглалтын компаниудын төлөөллүүд оролцов. Компаниуд орон нутгийн хамтын ажиллагаа, тогтвортой хөгжлийн санал санаачлага гаргах чиглэлээр хэрэгжүүлсэн ажлуудын ололт амжилт, хуримтлуулсан туршлагын талаар санал солилцож, нутгийн иргэдэд хэрхэн харилцан хүндлэл бүхий итгэлцлийг төрүүлж болох талаар нухацтай хэлэлцүүлэг өрнүүллээ. Мөн “Оюутолгой”, “Энержи Ресурс” компаниуд Дугуй ширээний уулзалтад оролцож, орон нутаг, малчидтай хамтран ажилладаг арга замуудаасаа хуваалцлаа.
Энэхүү уулзалт нь АМЕП 2 хөтөлбөрөөс УУХҮЯ-тай хамтран “Эрдэс баялгийн салбарын үнэ цэн, өгөөжийг нэмэгдүүлэх нь” төслийн хүрээнд хийгдэх талуудын оролцоог хангахаар төлөвлөсөн зөвлөлдөх уулзалтуудын эхний үйл ажиллагаа юм. Мөн уул уурхайн компаниуд, орон нутгийн иргэд, төрийн байгууллагуудын хоорондын харилцаа, итгэлцэл, хамтын ажиллагааг сайжруулахад чиглэсэн туршилтын төслийг хэрэгжүүлж эхлээд байна. Ингэхдээ хайгуулын болон ашиглалтын лиценз эзэмшигчдийн уул уурхайн үйл ажиллагааны мөчлөгт анхаарч, тэднийг нутгийн иргэдтэйгээ ойлголцож, бат бөх харилцаа үүсгэх боломжуудыг таниулахад дэмжлэг үзүүлнэ.
Уг төслийн орон нутаг дахь зөвлөлдөх уулзалтууд, иргэдийн мэдлэг, чадварыг сайжруулахад чиглэсэн үйл ажиллагааг 2023 оны 3 сараас 6 дугаар сар хүртэл Бүрэгхангай, Хулд, Алтанширээ сумдад төсөл хэрэгжүүлэгчээр сонгон шалгарсан Монголын тогтвортой хөгжил, нийгмийн хариуцлагын зөвлөлөөс хэрэгжүүлэх юм.
скачать dle 12.0