ЗГХФ-д “Эмэгтэйчүүд ба уул уурхайн ирээдүй” тайланг танилцуулав

2022 оны форум “Криткал минерал ба Эрчим хүчний шилжилт” үндсэн сэдвийн дор эрчим хүчний шилжилтэд шаардлагатай ашигт малтмалууд, энэхүү эрэлт хэрэгцээг хангахын тулд уул уурхайн салбар хэрхэн өөрчлөгдөх, Засгийн газруудын бэлэн байдал, үүрэг оролцоо, бодлогын арга хэрэгслүүд, шилдэг санаачилга, туршлагуудыг хэлэлцэж байна. Форумд 76 орны Засгийн газар, иргэний нийгэм, уул уурхайн салбарын мэргэжлийн холбоодын төлөөлөл болон судлаачид оролцож байна.
Тус хуралд уул уурхайн салбарын хөгжлийн хандлага, нийлүүлэлтийн сүлжээ нь салбар дахь эмэгтэйчүүдэд хэрхэн нөлөөлж буйг үнэлсэн “Эмэгтэйчүүд ба уул уурхайн ирээдүй” жендэрийн суурь судалгааг ЗГХФ-аас дэлхийн 10 оронд хийж нэгтгэснийг урьдчилсан байдлаар танилцуулсан юм.
Монгол дахь тайлангийн зохиогч, ХБНГУ-ын Шпайрын Төрийн удирдлагын их сургуулийн докторант, Монголын тогтвортой хөгжил, нийгмийн хариуцлагын зөвлөлийн Удирдах зөвлөлийн дарга О.Батболд энэхүү хуралд панелистаар оролцож, Монгол Улсад хийсэн чанарын судалгааны үр дүн, анхаарал татахуйц зарим дүгнэлтээс хуваалцав.
Монголд эмэгтэйчүүдийн боловсролын түвшин харьцангуй өндөр ч суралцаж буй мэргэжлийн чиглэл тодорхой салбарт төвлөрсөн хандлагатай байгаа нь ажил мэргэжил сонголтын талаарх уламжлалт ойлголт, нийгмийн хүлээлттэй холбоотой бөгөөд үүнээс үүдсэн хөдөлмөрийн хуваарилалтыг өөрчлөхийн тулд бодлого зохицуулалтын хувьд анхаарах асуудлаар байр сууриа илэрхийлсэн юм. Хэлэлцүүлгийн үеэр судалгаанд хамрагдсан улс орнуудад тулгамдсан асуудал цөөнгүй байгааг талууд онцолсон бөгөөд төслийн дараагийн үе шатуудад Засгийн газруудад бодлогын дэмжлэгийг үзүүлэх юм. Тайлан 2023 оны эхний улиралд хэвлэгдэнэ.
Дашрамд дурдахад, Монголын уул уурхайн салбар дахь технологийн чиг хандлага, нөлөөллийг тодорхойлох судалгааг “New Tech, New Deal” төслийн захиалгаар Монголын тогтвортой хөгжил, нийгмийн хариуцлагын зөвлөл /ТНЗ/ гүйцэтгэсэн билээ. Тус судалгааны төслийг Уул уурхай, эрдэс баялаг, металл ба тогтвортой хөгжил Засгийн газар хоорондын форум (IGF), Олон улсын тогтвортой хөгжлийн хүрээлэн (IISD), Колумбын тогтвортой хөрөнгө оруулалтын Төв (CCSI), Уул уурхайн хамтын үнэ цэнэ, Канадын хил хязгааргүй инженерүүдийн байгууллагын түншлэлээс хэрэгжүүлж, Германы Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яам санхүүжүүлэн, дэлхийн 5 оронд хийгдсэн юм.