ТНЗ нь “Coal Mongolia-2022”-д оролцож байна
Нүүрсний салбарын худалдаа, хөрөнгө оруулалтын “Coal Mongolia-2022” олон улсын чуулга уулзалт, үзэсгэлэн Шангри-Ла зочид буудалд “Сэргэлтийг хамтдаа” уриан дор есдүгээр сарын 7-8-ны өдрүүдэд зохиогдлоо.
Монголын тогтвортой хөгжил, нийгмийн хариуцлагын зөвлөл нь “Coal Mongolia” чуулга уулзалт, үзэсгэлэнд оролцож, үйл ажиллагаагаа танилцуулж байна. Мөн тус зөвлөлийн Удирдах зөвлөлийн дарга О.Батболд “Нүүрсний компаниудын орон нутгийн хамтын ажиллагаа ба хариуцлагатай уул уурхай” хэсгийн чиглүүлэгчээр ажиллав.

“Ковид-19” цар тахлын улмаас сүүлийн хоёр жил өнжсөн “Coal Mongolia” 10 дахь жилдээ болж байгаа юм. Төр засаг, хувийн хэвшил, уул уурхайн салбарын тал талын оролцогчид, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид, судалгаа шинжилгээний байгууллагын төлөөллийг нэгтгэсэн энэ намрын хамгийн том арга хэмжээ хоёр өдөр үргэлжилсэн билээ. Нүүрс олборлолт, баяжуулалт, боловсруулалт, тээвэрлэлтийн компаниуд, туслан гүйцэтгэгч болон ханган нийлүүлэгч нар, зөвлөх үйлчилгээ, техник технологийн компаниуд, банк санхүүгийн байгууллагууд, салбарын эрдэмтэн судлаачид “Coal Mongolia” чуулга уулзалт, үзэсгэлэнд хүрэлцэн иржээ.