Уул уурхайн нийгэм, эдийн засгийн нөлөөллийн үнэлгээний талаар хэлэлцэв
“Монгол Улсын Уул уурхайн салбарын Нийгэм, эдийн засгийн нөлөөллийн үнэлгээ. Өмнөх туршлагыг нэгтгэн дүгнэх. Эндээс хааш явах вэ?” сэдэвт хэлэлцүүлэг семинар өнөөдөр боллоо.
Уг семинарт Монголын тогтвортой хөгжил, нийгмийн хариуцлагын зөвлөлийн судлаачдын хийсэн “Монгол Улс дахь НЭЗНҮ-ний хууль эрхзүйн орчин”, “НЭЗНҮ-ний олон улсын туршлага” болон Эдийн засгийн судалгааны институтын “Нөлөөллийн үнэлгээг хийхдээ эконометрик моделиудыг ашиглах” нь зэрэг судалгааны үр дүнг танилцуулсан юм. Уг семинарт Монголын тогтвортой хөгжил, нийгмийн хариуцлагын зөвлөлийн УЗ-ийн дарга О.Батболд, УЗ-ийн гишүүн Б.Баяржаргал, судлаач Г.Батнасан нар илтгэл тавьж оролцлоо.
Хэлэлцүүлэгт Монголын болон олон улсын судлаачид, УУХҮЯ, АМГТГ, ҮГА-ны холбогдох мэргэжилтнүүд, иргэний нийгмийн төлөөллүүд нэг дор цуглан, Монгол Улсын уул уурхайн салбарын нийгэм, эдийн засгийн нөлөөллийн үнэлгээний өнөөгийн нөхцөл байдал болон ирээдүйд хэрхэн сайжруулах стратегиудыг авч хэлэлцэв. Уул уурхайн төсөл нь тухай бүс нутгийн нийгэм болон эдийн засагт нөлөөлөх нөлөөллийг тооцох, боловсруулах, үнэлэх зэрэг чухал асуудлуудаар оролцогч талууд байр сууриа илэрхийллээ.
Мөн оролцогчид хэсэгт хуваагдан ажиллаж, “Монгол Улсын уул уурхайн салбарын нийгэм-эдийн засагт үзүүлэх нөлөөллийн үнэлгээний ирээдүй-Байгууллагын болон хүний нөөцийн чадавхийн асуудал” гэсэн асуудалд төвлөрч, гарц шийдэл хайснаараа онцлог байв.
Хэлэлцүүлэг семинарыг “Эрдэс баялгийн тогтвортой удирдлагын зөвлөх үйлчилгээ” төслөөс санаачлан зохион байгуулжээ. Герман-Монголын техникийн хамтын ажиллагааны энэхүү төслийг ХБНГУ-ын Гео-Шинжлэх ухаан, Байгалийн нөөцийн Холбооны Хүрээлэн (BGR) нь УУХҮЯ, АМГТГ болон Үндэсний геологийн албатай хамтран хэрэгжүүлж буй билээ.