Мэдээ мэдээлэл

Blog

Сэтгүүлчид Монтрейл хотноо сонины редакциар зочилж, Сэтгүүлчдийн холбооны үйл ажиллагаатай танилцав

27-06-2022, 12:20
Монголын сэтгүүлчид сургалт-аяллын хүрээнд Канад Улсын Монтрейл хотод 2022 оны 6 сарын 15-17-ны өдрүүдэд ажиллав.
Тус хотод хэвлэл мэдээллийн болон уул уурхайн салбарын төлөөллүүдтэй уулзалт хийсэн юм. Квэбек мужийн франц хэл дээр гардаг хамгийн том сонин болох LA PRESSE сонины Хөгжил хариуцсан захирал Янн Пинотой уулзаж, тус сонины хэвлэмэл хувилбараас цахим руу шилжсэн шилжилт туршлагын талаарх танилцуулгыг сонсохын сацуу хэвлэл мэдээллийн салбарт гарч буй өөрчлөлтийн хандлага, сорилтын талаар чөлөөт ярилцлага өрнүүлэв.
Мөн Квэбек мужийн Сэтгүүлчдийн холбооны дарга Майкл Нгуентэй уулзаж, холбооны үйл ажиллагаа болон сэтгүүл зүй, сэтгүүлчдийн өмнө тулгамдаж буй асуудлуудаар ярилцав. Сэтгүүлчдийн эрх ашгийг хамгаалах зорилготой тус холбоонд сэтгүүлчид сайн дурын үндсэн дээр нэгддэг байна.

Түүнчлэн Монтрэйл хотноо Монголын сэтгүүлчид “Рио Тинто” компанийн Канад болон Хойд Америкийн төмрийн хүдэр, хөнгөн цагаан, очир-эрдэнийн группын уугуул иргэд болон орон нутгийн харилцаа, хайгуулын багийн төлөөлөлүүдтэй уулзаж, компанийн үйл ажиллагаа төдийгүй уул уурхайн салбарын цаашдын чиг хандлагын талаарх байр суурийг нь сонсож, сонирхсон асуултдаа хариулт авсан юм. “Рио Тинто” компанийн Олон нийтийн харилцааны Хойд америкийн асуудлыг хариуцсан захирал Симон Лэтэндрэ эдгээр уулзалтын үеэр байлцаж, сэтгүүлчдийн мэдээлэл авах, туршлага солилцох үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж ажилласан юм.
“Уул уурхай, эдийн засгийн чиглэлээр сэтгүүлчдийг чадавхжуулах хөтөлбөр”-ийг Монголын Тогтвортой хөгжил, нийгмийн хариуцлагын зөвлөл нь “Оюутолгой” компанийн дэмжлэгтэйгээр 2020 оноос хэрэгжүүлж байгаа юм.
скачать dle 12.0