Канадад парламентын үйл ажиллагааг хэвлэл мэдээллийнхэн хэрхэн сурвалжилдгийг сонирхлоо
“Уул уурхай, эдийн засгийн чиглэлээр сэтгүүлчдийг чадавхжуулах хөтөлбөр-2020”-ийн сүүлийн шатанд хамрагдан, Канад улсад туршлага судалж буй Монголын сэтгүүлчид хөтөлбөрийн хүрээнд Канад Улсын нийслэл Оттава хотод 2022 оны зургаадугаар сарын 17-18-ны өдрүүдэд ажиллалаа. Оттава хотноо Канад Улс дахь Монгол Улсын Элчин сайдын яамаар зочилж, Элчин сайд Я.Ариунболд, Элчин зөвлөх В.Оюу, Д.Уянга, Хоёрдугаар нарийн бичгийн дарга Д.Золзаяа нартай уулзан, Монгол, Канад Улсын олон талт хамтын ажиллагааны талаар ярилцаж, сонирхсон асуултдаа хариулт авсан юм.

Сэтгүүлчид Оттава хотод ажилласан хоёр дахь өдрөө Канадын Парламентын ордон буюу Хиллтэй танилцсан юм. Хатан хаан Викториа Канад Улсын нийслэлээр 1859 онд Оттава хотыг зарлан тунхагласны дараа ордныг барьж эхэлжээ. Парламентын ордны түүх, Канадын улс төрийн тогтолцоо-Парламентын дээд, доод танхим, засаг захиргааны бүтэц, парламентын үйл ажиллагааг хэвлэл мэдээллийнхэн хэрхэн сурвалжилдаг гээд өргөн хүрээний мэдээлэл авсан сонирхолтой аялал боллоо.
Сэтгүүлчдийг чадавхжуулах энэхүү хөтөлбөрийг Монголын Тогтвортой хөгжил, нийгмийн хариуцлагын зөвлөл нь “Оюутолгой” компанийн дэмжлэгтэйгээр 2020 оноос хэрэгжүүлж байна.