Монголын сэтгүүлчид Канад Улсад ажиллаж, туршлага судалж байна
Монголын Тогтвортой хөгжил, Нийгмийн хариуцлагын зөвлөл /ТНЗ/ ТББ нь “Уул уурхай, эдийн засгийн чиглэлээр сэтгүүлчдийг чадавхжуулах хөтөлбөр”-ийг “Оюутолгой” ХХК-ийн дэмжлэгтэйгээр 2020 онд эхлүүлсэн билээ. Хөтөлбөрт 15 редакцийг сонгон, эдийн засаг, уул уурхайн чиглэлээр ажиллаж буй болон парламентийн сэтгүүлчдийг хамруулсан юм. Уг хөтөлбөрийн хүрээнд хэд хэдэн үе шаттайгаар суралцах, туршлага солилцох үйл ажиллагааг зохион байгуулж ирэв.

ММ агентлаг, Өнөөдөр сонин, Өдрийн сонин, Майнинг Инсайт сэтгүүл, www.itoim.mn, www.unread.today.mn, www.melmii.mn гэсэн үндэсний болон орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллагуудыг төлөөлсөн сэтгүүлчид Канадын Торонто хотноо Prospectors and Developers Association of Canada (#PDAC) буюу Канадын хайгуулч, олборлогчдын холбооноос жил бүр зохион байгуулдаг олон улсын хөрөнгө оруулагчдын 90 дэх удаагийн чуулганыг сурвалжилж ажиллалаа. Дэлхийн уул уурхайн том бирж болох Торонтогийн биржийн удирдлагатай уулзаж, биржийг үзэж сонирхолоо. Мөн Монтрэйл, Оттава хотуудаар аялж, уул уурхай болон сэтгүүл зүйн байгууллагуудаар зочилж, туршлага солилцох юм.
“Уул уурхай, эдийн засгийн чиглэлээр сэтгүүлчдийг чадавхжуулах хөтөлбөр”-ийн эхний шатанд байгалийн нөөц баялагтаа тулгуурлан хөгжсөн болон хөгжиж буй улс орнуудын хөгжлийн бодлого, тогтвортой байдал, хүртээмжтэй өсөлт болон Монголын уул уурхайн салбарын хөгжил, тулгамдаж буй асуудлуудын талаарх мэдлэг, мэдээллийг хуваалцсан бол хоёр дахь үе шатанд буюу 2020 оны арваннэгдүгээр сарын 7-11-ний өдрүүдэд уул уурхайн гол бүс нутаг болох Өмнөговь аймагт очиж, уул уурхай ба орон нутгийн харилцаан дахь олон талт байдлын газар дээр нь танилцаж сурвалжилсан юм.
Мөн хөтөлбөрийн хүрээнд 2021 оны дөрөвдүгээр сард Дэлхийн Зэсийн 19 дүгээр хуралд цахимаар оролцсон билээ.