Мэдээ мэдээлэл

Blog

Сэтгүүлчид өгөгдлийг хайх, дүрсжүүлэх, түүх болгож хүүрнэх туршлагаас суралцав

18-11-2019, 15:42
Олон улсын санхүүгийн корпорацийн “Хөгжлийн төлөөх ил тод байдал” (D2D) хөтөлбөр болон Монголын Тогтвортой хөгжил, Нийгмийн хариуцлагын зөвлөл хамтран эдийн засаг, бизнес, уул уурхайн чиглэлээр мэргэшиж буй сэтгүүлчдийг мэргэжлийн арга зүйгээр дэмжих, өгөгдөл дээр хэрхэн ажиллах талаар чадавхжуулах сургалтыг арваннэгдүгээр сарын 15-16-ны өдрүүдэд зохион байгууллаа. Сургалтад голлох хэвлэл мэдээллийн байгууллагуудын эдийн засаг, уул уурхайгаар мэргэшин ажиллаж буй 16 сэтгүүлч хамрагдав.
Сургалтаар нээлттэй өгөгдлийг хайх, дүрсжүүлэх, түүх болгож хүүрнэх олон улсын сайн туршлага болон техникийн мэдлэгийг хуваалцаж, түүнийг хэрхэн тулгамдаж буй асуудалд ашиглах талаар ажлын бодит туршлага өгч, практикаар заасан юм. ОУСК-ийн туршлагатай Дата шинжээч Оликсей Анокин үндсэн сургагч багшаар ажиллаж, нээлттэй өгөгдлийн үнэ цэн, ил тод байдал, дүрсжүүлэх хэрэгслүүд, газрын зураг үүсгэх, хэрхэн түүх өгүүлэх аргачлалын талаарх мэдлэг мэдээллээ сэтгүүлчидтэй хуваалцаж, сургалтын гарын авлагуудыг танилцуулав.
Түүнчлэн МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн багш, доктор, профессор Ч.Хашчулуун, Байгалийн баялгийн засаглалын хүрээлэнгийн Монгол дахь менежер Н.Дорждарь, Asia Mining Magazine-ийн Ерөнхий эрхлэгч С.Болд-Эрдэнэ, D2D хөтөлбөрийн Монгол дахь зохицуулагч Б.Дэлгэрмаа нарын зочин илтгэгчид “Монголын эдийн засгийн хөгжлийн өнөөгийн байдал, төлөв, Уул уурхайн салбарын нөлөө”, “Уул уурхайн орлого, түүний менежмент”, “АМНАТ тойрсон асуудлууд, эх үүсвэр, зарцуулалт, “Монголын байгалийн нөөцтэй холбоотой нээлттэй болгосон мэдээллийн эх сурвалжууд, Монголын ОҮИТБС-аас ил болгодог нээлттэй өгөгдөл дээр хэрхэн ажиллах” зэрэг сэдвээр танилцуулж, дасгал ажил хийх гол өгөгдлүүдийн талаарх суурь мэдлэг ойлголтыг таниулсан юм. Сургалтын үеэр сэтгүүлчид сургалтаар эзэмшсэн ур чадвараа бататгах дасгал ажил ажил хийж, дүрсжүүлэх арга хэрэгслүүдийг ашигласан сэтгүүл зүйн ажил хийх эхний шатны туршлагыг хуримтлуулав.
Өгөгдлийг эрж хайх, задлан шинжлэх, түүнийгээ дүрсжүүлэх хэрэгслүүдийг ашиглаж сурах нь орчин цагийн сэтгүүлчдийн зайлшгүй эзэмшвэл зохих ур чадварын нэг болж тулгамдаж буйг сургалтын нээлтэд оролцсон ОУСК-ийн Үйл ажиллагааны ахлах мэргэжилтэн Аржун Балла, туршлагатай Дата шинжээч Оликсей Анокин нар онцолж байлаа.
Сургалтыг анх санаачилж, дэмжин ажиллаж, хамтран зохион байгуулсан Олон улсын санхүүгийн корпорацийн “Хөгжлийн төлөөх ил тод байдал” (D2D) хөтөлбөр нь байгалийн нөөцтэй холбоотой нээлттэй өгөгдөл, мэдээллийн ашиглалтыг дэмжих замаар нотолгоонд суурилсан олон нийтийн хэлэлцүүлэг өрнүүлэх, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, улмаар байгалийн нөөцөд тулгуурласан хөгжлийн эерэг нөлөөллийг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой.






скачать dle 12.0